Төр засаг ард түмэнд "гэнэтийн бэлэг" барихдаа гаргууд. Тэр нь төр, түмний мөнгөнөөс ил далд хулгай хийх эс бөгөөс хуулиар зөвшөөрөгдсөн хулгайг дэмжсэн хууль, журам батлах. Бусдаар ард түмэнд ашигтай байхаар, улс орны эдийн засгийг өргөчихөөр "гэнэтийн бэлэг" барих нь тун ховор. Үүнийг нь дөрөвхөн хоногийн өмнөх үйл явдал бэлхнээ гэрчилнэ. Тэр нь Эмээлт дэх махны үйлдвэрүүдийг шалгана гээд ил цагаан зарласантай холбоотой. Гэтэл тэр шөнө нь л нэр бүхий Хятад эзэнтэй махны компани ачааны машин дүүрэн өмхий махаа Улаанбаатар хот руу оруулах гэж байгаад гэрэлд цохиулж баригдав.
Энэ бол ганцхан жишээ, ганцхан баримт нь.
Яг эндээс л, Монгол Улс үндэсний дархлаагаа хэдийнэ Хятадуудад атгуулсан гэдэг нь харагдана. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эмээлт дэх махны үйлдвэрүүд бүгд Хятад эзэдтэй, Хятадын хөрөнгө оруулалттай. Шалгалт хийдэг. Шалгалтаар өч төчнөөн зөрчил дутагдал илэрдэг. Гэхдээ Зөрчлийн хуулиар толгойг нь илээд өнгөрдөг гэдгээ ил цагаан хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл үүнийх нь горонд Хятадууд даварсаар цогцос хадгалахад ашигладаг химийн бодисыг махан дээр нэмэх болсон гэхэд болно.
Үүнийг нь ч хэдхэн хоногийн өмнөх шалгалтаар илрүүлсэн, олон нийт мэдсэн.
Гэтэл хууль хүчнийхэн үйлдвэрийг нь лацадсан болоод л хэргийн эздийг сул чөлөөтэй тавьчихав. Эл санаатай, санамсаргүй "алдааг" нь Хятадууд овжиноор ашиглаж, ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ хийх сургаар нь хот руу өмхий махаа оруулах гэж завдсан нь энэ.
Энэ бүхэн юуг харуулж, юуг өгүүлж байна вэ.
Иргэдийн болоод хуулийнхны хэлж байгаар Хятад эзэнтэй махны үйлдвэрүүдэд химийн бодисыг гурван жилийн өмнөөс хэрэглэж ирсэн гэх. Харин эмч нарын зүгээс магад үүнээс өмнө ч хэрэглэдэг байсныг үгүйсгэхгүй гэсэн. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд нойр булчирхай, ходоодны шарх, хавдар ихэссэн. Дээрх эрхтэн систем нь химийн бодис задлаж чадахүйгээс болж хорт хавдраар өвчилдөг бөгөөд эдгэрэл авах нь тун бага гэсэн ХӨСҮТ-ийн мэдэгдлээс Монголд хүнсний аюулгүй байдал алдагдаад удаж. Үүнийх нь гэрч, баримт нь хөгшин, залуугүй хорт хавдраар өвчлөх иргэдийн тоо олширч буйгаар харж болохоор байгаа юм.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар Эмээлтэд нийт хятад эзэнтэй 32 мах бэлтгэх үйлдвэр байдаг юм байна.
Гэтэл Монгол Улс 30 сая малтай, гуравхан сая иргэнтэй. Тэгсэн атлаа мах бэлтгэлийн салбараа Хятадуудад атгуулсан нь үндэсний хэмжээний эмгэнэл. Бид өөрсдөөсөө ичих хэрэгтэй.
Хятадуудад үндэсний нэг бодлого байдаг. Энэ нь "Тухайн улс орныг зэвсэг агсаж эзлэх бус, хоолоор нь, урлаг соёлоор нь, эмс охидоор нь дамжуулж уусга. Тэгвэл тэд ЧИНИЙ зөөлөн хоол болно" гэж. Яг энэ зарчмаараа Хятадууд Африкаас эхлээд хэд хэдэн улсын газар нутгийг эзэлсэн. Бүр охид хүүхнүүдийг нь ч богтолсон. Тэгвэл Монгол Улсыг аль Манжийн үеэс л өөртөө уусгах бодлогоо хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ амжилт авчраагүй. Дагаад бид ч санаа амарсан. Гэтэл Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн нөхцөл байдлаас харахад Хятадууд эртний санаархлаа хаяагүй бололтой. Тиймдээ ч химийн бодис ашиглаж, монгол түмнийг хордуулж ирж гэж хардахад хүргэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний аюулгүй байдалтай холбоотой хууль өргөн барьсан. Хуулийн анхны хэлэлцүүлэг удахгүй өрнөнө. Хэдий хэтэрхий удаж байж төрийн чихэнд хүрсэн асуудал ч гэлээ, ямартай хууль батлагдвал энэ мэт увайгүй үйлдлийг таслан зогсоох учиртай.
Гэхдээ асуудал ингээд бүрэн цэгцрэхгүй. Учир нь махны бэлтгэлийн үйлдвэр байгуулна гээд Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий компани зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт унаад буй. Магад монголчууд цаг ямагт өөрсдөөсөө хулгай ирснийг нь Хятадууд ийн овжиноор ашиглах байх. Тиймээс л Ерөнхийлөгч өө, үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур болсон хүнсний аюулгүй байдал нэгэнт алдагдаж. Ходоодоо Хятадууд атгуулсан монголчууд хорт хавдрын давалгаанд нурж байна. Хуулиа хурдхан батлуулж, үндэсний эрх ашгаа хамгаална уу.