Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар хоёр орлогчоороо Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нарыг авч үлдэхээр тохирчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 10 секунд

Засгийн газраас санаачилж, УИХ-аар батлуулсан хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх бүх нийтийн “аян” орон даяар үргэлжилж байна. Бүгд л машин техникээ хураалгаж, орлогчуудаа гудамжинд гаргацгааж эхэллээ. Тэгвэл энэ шийдвэр хамгийн их улс төртэйгээр хэрэгжих газар нь нийслэл. Хотын дарга Д.Сумъяабазар хэмнэлтийн хуулийн дагуу одоо байгаа зургаан орлогчоосоо хоёрыг нь авч үлдээд дөрвөн орлогчоо явуулах ярвигтай даалгаварт унасан. Тэр одоо 6 дугаар сарын 1-нээс өмнө шийдвэрээ гаргана.

Тиймээс Д.Сумъяабазар дарга нэн түрүүнд зургаан орлогчоо бүгдийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Чөлөөлөх бичиг нь төслийн хэлбэртэй явж байгаа ч өнөө маргаашдаа багтаад албажих байх. Тэгвэл хот дээр өрнөх ойрын өдрүүдэд өрнөх хурган улс төр зургаан орлогчоос хэн хэнийг нь авч үлдэхийг шийдэх нь байна.

Энэ шийдвэрийг гаргахын өмнө хотын дарга юуны өмнө улс төр талаасаа бодох хэрэгтэй. Хоёрдугаарт ажил албандаа ханддаг хандлагыг нь харгалзах байх. Өөрөөр хэлбэл, үлдэх хоёр орлогчийн хэн улс төрд нэр нөлөө, хүчтэй нь гэсэн үг.

Тэгвэл зургаан орлогчоос улс төрийн гэх тодотголтой энэ шалгуурт нийцэх гурван хүн л байна. Тодруулбал, Эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Орон сууц, үйлдвэр технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар нарын хоёрыг нь үлдээх улс төр явсан.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын дарга хоёр орлогчоороо дээрх хүмүүсээсээ Ж.Сандагсүрэн,З.Төмөртөмөө нарыг үлдээхээр улс төрийн тохироо явагдсан гэнэ. Тэгвэл яагаад энэ гурван хүн дээр улс төр яригдсан. Ямар учраас хоёр нь сонгогдож буй талаар зарим агуулгыг хүргэе.

Ж.Сандагсүрэн - Алдаа гаргасан ч толгойг нь илдэг гарын хүн

Сонгинохайрханы Засаг даргаар ажиллаж байсан түүний улс төр одоогийн хотын даргатай шууд холбоотой. Товчхондоо, Ж.Сандагсүрэн бол Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нарын “баг”-ийн хүн. Тиймээс ч түүнийг хотын дарга ажлаа авсан даруйдаа нэгдүгээр орлогчоор томилж, орлогчуудынхаа тэргүүн эгнээнд гаргасан. Гэвч мань эр ковидын үед Нийслэлийн шуурхай штабыг ахлахдаа тааруухан ажилласан учраас засаг талын шахаанаас болж нэгдүгээр орлогчоо алдаж байв. Гэвч дараа нь намын даргынхаа бодлогыг сөргүүлж Ж.Сандагсүрэнг нэгдүгээр орлогч гэх хуучин албан тушаалд нь буцаагаад томилчихсон. Өөрөөр хэлбэл, намаас нь бодлогоор хариуцлага тооцоод байхад буцаагаад томилоод байгаа нь Ж.Сандагсүрэн нь хотын даргад хэрхэн чухал болохыг илтгэж буй биз. Ж.Сандагсүрэнд байгаа давуу тал нь гарын үсэг зурж, эцсийн шийдвэр гаргах хүн өөрийнх нь талын хүн байгаа явдал.

З.Төмөртөмөө - Бусдаасаа илүү улс төрийн дэмжлэгтэй

НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон даруйдаа нийслэлийн орлогчоор томилогдсон хүн бол З.Төмөртөмөө. Намын залуучуудын байгууллагаар дамжиж гарч ирсэн залуучуудаас улс төр рүү орсон даруйдаа нэлээд хол явж байгаа төлөөлөл бол тэр. Тэр хотод орлогчоор томилогдсон даруйдаа төд удалгүй ранкаараа нэг дээшилж орлогч нарынхаа дунд статусаараа хоёрдугаарт бичигдэж эхэлсэн. УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан тул түүнийг Г.Занданшатар даргын ойрын хүн хэмээн улс төрд ярьдаг бөгөөд энэ утгаараа ардаа улс төрийн хувьд нөгөөдүүлээсээ илүү дэмжлэгтэй гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазар даргын нийслэлийг бие даасан эрх зүй, төсөв санхүүгийн чадамжтай болгох зорилгыг биелүүлэхэд хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгоход УИХ л туслах ёстой. Энэ утгаараа орлогчоороо үлдэх магадлалтай хүмүүсийн тэргүүн эгнээнд тэр бичигдэж буй. Угаасаа орлогчдоос хэнийг үлдээх вэ гэдэг бол улс төрийн ойлголцол, тохирооны үндсэн дээр хийгдэх ажил.

Б.Сүхбаатар - УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зүтгүүлж буй хүн

Олон жил намаар, НИТХ-аар явсан түүнийг улс төр талаас нь хамгийн их дэмжиж, үлдээхээр зүтгэх хүн бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, генсек Д.Амарбаясгалан нар. Баянзүрх дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалантай орлогч Б.Сүхбаатар тун ойрхон. Яг улс төрийн үүх түүхийг нь ярьвал генсек Д.Амарбаясгалангийн хүн гэж яригддаг. Мөн УИХ дээр нийслэлийн асуудал хариуцсан түр хорооны даргаар Э.Бат-Амгалан гишүүн ажилладаг. Товчхондоо нийслэлийг дэмжих УИХ-ын албан бус лобби бүлгийг Э.Бат-Амгалан гишүүн тэргүүлдэг гэсэн үг. Мөн НИТХ дээр Э.Бат-Амгалан гишүүний баг чамгүй хүчтэй. Өнгөрсөн 2020 онд Д.Сумъяабазарыг хотын даргаар томилогдсоны дараа сандал ширээний хуваарилалт дээр голлох үүрэг гүйцэтгэсэн хүн бол тэр. Нийслэлийн намыг дээрх Э.Бат-Амгалангийн нөлөө нэлээд өндөр доозоор хэмжигдэнэ. Мөн намын зүгээс Д.Амарбаясгалан түүнийг түлхэж өгөх магадлалтай. Тэр утгаараа Б.Сүхбаатарыг орлогчоор үлдээх талаар ярьж буй ч Д.Сумъяабазар улс төрийн шийдвэрийн гаргасан бололтой.

Г.Лхагвадорж

Боомтын захиргааны орлогч П.Билгүүн: Задгай тээврийг эхлүүлэх хүсэлтийг удаа дараа тавихад Хятадын талаас боломжгүй гэх хариуг өгсөн
Боомтын захиргааны орлогч П.Билгүүн: Задгай тээврийг эхлүүлэх хүсэлтийг удаа дараа тавихад Хятадын талаас боломжгүй гэх хариуг өгсөн
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.