ЦЕГ-ын Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням "Бэлтэс мөрөн" компанийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хөвсгөл аймагт "Бэлтэс мөрөн" компани нь иргэдтэй хамтран ажиллах санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авч, тухайн иргэний мөнгийг нэг сарын дотор 30 хувь хүртэл өсгөж буцааж өгдөг үйл ажиллагааг явуулж байсан.
Уг үйл ажиллагаа нь Монгол Улсад зөвшөөрөгдсөн, тусгай зөвшөөрөл байхгүй, санхүүгийн зохицуулах хорооноос хууль бус үйл ажиллагаа гэдэг бичиг нь ирчихсэн. Хориглосон заалттай байхад уг үйл ажиллагааг явуулж байсан нөхцөл байдал тогтоогдсон.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 15 мянган орчим иргэн тухайн компанид мөнгө өгөөд 12 мянга орчим иргэн тодорхой хэмжээний ноогдол ашигтай мөнгөө буцааж авсан. Гурван мянга орчим иргэн мөнгөө авч чадаагүй хохирсон байна. Хэрэгт холбогдуулан "Бэлтэс мөрөн" компаний захирал, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий Б, Г, П, У, Н гэх таван иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж, хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улсын хилээр гаргахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэлээ.