Ардчилсан намаас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг цэцэд өгч байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "2021 оны нэгдүгээр сарын 14-ны тогтоолоор АН-ын даргын бүртгэлтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан байдаг. Ингэхдээ АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс татгалзсан. Тус шүүхийн тогтоолын дагуу АН-ын бүртгэлд өөрчлөлт ордог. Дараагаар цахим мэдээллийн санд мэдээлэл нь орох ёстой.
Гэтэл өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр орсон өөрчлөлтүүдийг бичихгүй байгаагийн улмаас өөрийгөө намын дарга мэт ойлгуулдаг нэг хүн байна. Дээд шүүхийн шийдвэрээр намын даргаар бүртгэхээс татгалзчихаад байхад гэрчилгээг банк санхүү, хуулийн байгууллагад үзүүлж хууран мэхлэх, эд хөрөнгө шамшигдуулах гэмт хэрэг гарсан байж болзошгүй байна. Иймд Үндсэн хуулийн дагуу тухайн бүртгэлээ хийхийг УДШ-ийн шүүгч Д.Ганзоригт удаа дараа гаргасан.
Д.Ганзориг шүүхийн шийдвэр гарсаны дараа оруулна гэх тайлбар өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, өөрчлөлт нь орсоор байтал бичихээс татгалзаж жил гаруйн хугацаанд АН-ын бүртгэлийг будлиулж, Үндсэн хуулийн зөрчил рүү аваачсан" гэв.