АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Хурал хаалттай болсон бөгөөд асуудлыг шийдэлгүй дараагийн хуралдаан хүртэл нээлттэй орхисон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Өнөөдрийн хуралдаанаар бүлгийн үйл ажиллагаа болсон зарим асуудлыг хэлэлцсэн. Гэвч ямар нэгэн шийд гараагүй учир асуудлыг нээлттэй орхисон. Бүлгийн хуралд Б.Пүрэвдорж гишүүнээс бусад нь оролцсон. Ирц 90 хувь байлаа.
УИХ-ын тухай хууль болон УИХ дахь АН-ын үйл ажиллагааны дүрэмд бүх зүйл тодорхой байдаг. Тодруулбал, олонхийн томилсон ангийн дарга ажлаа хийж чадахгүй бол тухайн ангийн хүүхдүүдийн олонхийн шийдвэрээр даргыг чөлөөлдөг. Энэ бол алтан зарчим. Үүнийг нэгдүгээр ангийн сурагчаас эхлээд УИХ-д үйлчилдэг ардчиллын мөн чанар. Түүнээс биш хэн нэгнийг бүлгийн даргаар томилоод хэзээ ч огцруулахгүй, өөрчлөхгүй гэдэг байдлаар бид цааш явах юм бол Монголд ардчилал бий гэж хэлэхэд хэцүү болно” гэлээ.