Өнөөдөр Монголын Боксын Холбооны урилгаар Куба улсын алдарт дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг Монголын Боксын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Монголын Боксын Үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, Монголын Боксын Холбооны удирдах зөвлөлийн дарга, Олон Улсын Боксын Холбооны тэмцээн зохион байгуулах албаны гишүүн Г.Бадрах нар угтан авсан байна.
Тэрбээр "Би Монгол Улсад анх удаа ирж байна. Анхны сэтгэгдэл маш өндөр байна. Олон найз нөхөдтэй болно гэдэгтээ итгэлтэй байна. Миний гол зорилго бол Куба улсын Боксын арга барилыг Монголын баг тамирчдад чадах чинээгээрээ хуваалцахад чиглэх болно. Халуун дотно хүлээж авч буй та бүхний итгэлийг алдалгүй, хариуцлагатай ажиллах болно... хэмээн онцоллоо. Дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез нь Куба улсын боксын спортын хамгийн өндөр амжилт үзүүлсэн 30 гаруй жилийн хугацаанд дасгалжуулагчаар ажилласан, туршлагатай дасгалжуулагч бөгөөд түүний удирдлага дор: Олимпийн хошой аварга Ариэль Эрнандес Олимпийн хошой аварга Родниэл Иглесиа Олимпийн аварга Хуан Карлос Лемус Олимпийн аварга Баутиста Эрнандес Олимпийн аварга Лоренцо Сотомайор нар бэлтгэгдэж, дасгал сургуулилтаа хийж байсан юм" хэмээжээ.