Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуулийг үл тоодог нэгэн үеийнхний хандлага үр хүүхдүүдэд нь “ӨВ ЗАЛГАМЖЛАГДАЖ“ байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 51 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Бидний нэрийдсэнээр нөлөө бүхий "ТОМЧУУДЫН" хүүхдүүдтэй холбоотой асуудлууд олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь тулгаж чадаж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд нь л гэхэд Монголын хип хоп холбооны Ерөнхийлөгч Ш.Баабарын "Би хэнийг ч буудсан манай аав арын маань даачихна” хэмээн ярих хүү, олон нийтийн газар бусадтай маргахдаа толгой дээр халуун кофе асгаж зогссон өмгөөлөгч Г.Батбаярын охины дүрс бичлэг цацагдлаа. Энэ мэтээр асуудал нь нийгэмд цацагддаг ч төд удалгүй намжиж, хэрэг явдал шийдвэрлэгдсэн эсэх нь ч тодорхойгүй болчихдог “танил текник” яваад л байгаа. Үүнээс хоёр л дүгнэлт хийж болох юм.

Нэгдүгээрт, эрх нь дэндсэн зангаа эрх чөлөө гэж андуурахдаа хууль хяналтын байгууллагыг ч өөрийнх нь ар тал, эрх мэдлийн өмнө сөгдөнө хэмээх хандлагатай болсон “томчуудын” хүүхдүүдийн сэтгэхүй. Амжилттай, нэр хүндтэй яваа хүн бүрийн хүүхдүүдийг ийм хандлагаар үгүйсгэж болохгүй. Гэвч сүүлийн хоёр жишээ л нийгэмд “Та нар намайг яаж ч чадахгүй” гэх сэтгэхүй нь тулчихсан, гэмшиж мэдэхгүй нөхдийг харуулчихлаа. Товчхондоо, хуулийг үл тоодог нэгэн үеийнхний хандлага үр хүүхдүүдэд нь хүртэл өв залгамжлагдчихаж.

Хоёрдугаарт, ядарсан айлын хүүхэд хэн нэгний толгой дээр халуун кофе асгасан бол эцэг, эх нь ч хууль хяналтынханы өмнө өөрсдөө гэм хийсэн мэт бөмбөлзөж зогсоо. Мөнгөгүйд хүчтэй гэдэг нь л энэ байх. “Цагдаагаа дууд, би 100 мянгаар л торгуулна” гэх ойлголт нь тогтчихсон хуулийн ангийн оюутан охинд ямар арга хэмжээ авах вэ. Магадгүй хууль хөдлөхгүй байгаагаас олон нийт хөдөлж эхлээд байна. Өнөөдөр л гэхэд тус оюутныг сургуулиас нь хөөх гарын үсгийг оюутнууд цуглуулаад эхэлж. Тэд ёс зүй, сахилга бат, хариуцлагатай байдлыг хангах ёстой хуульчийн мэргэжлийг хийсэн үйлдэлдээ ч гэмшиж мэддэггүй, бүрэн утгаар нь даапаалж чаддаг нөхөр эзэмших ёсгүй гэж бодсон байх.

Эцэст нь хэлэхэд, хүчгүйн өмнө хүчээ харуулж, хүчтэйн өмнө толгой гудайдаг хууль хяналтынхантай байвал Монголын хууль хүүхэд нохойн доог болоод дуусах нь.

Ц.Ийнгаа

Баабар: Айлын нэг эрх охин хүний толгой дээр кофе асгахад л Хөгжлийн банкийг нам дарж байна
Баабар: Айлын нэг эрх охин хүний толгой дээр кофе асгахад л Хөгжлийн банкийг нам дарж байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц