АН-ын дарга М.Тулгат цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.12.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "АН-ын үйл ажиллагааг нээлттэй байлгахын төлөө ажиллана хэмээх ам тангарагаа өгсөн. Өнгөрсөн найман сарын хугацаандэнэ үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Адармаатай бөгөөд амаргүй байлаа. Гэтэл эвлэрэх, нэгтгэх үйл явцыг урваж, луйварчдад намыг өгч байгаа мэтээр тайлбарлана гэдэг байж боломгүй зүйл. Хэдийгээр нам дотор үзэл санааны тодорхой ялгарал явагдаж байгаа боловч өнөөдөр хууль ёсны намын хувьд бүртгүүлсний дараа баруун төвийн үзэл санаа, чиг шугам дээрээ бат зогсож, ойлголтын зөрүүтэй байгаа гишүүдээ нэг үзэл санаанд нэгтгэх талаар бодож ирсэн.
Улсын Дээд шүүх намайг АН-ын даргаар бүртгүүлэхэд ямар ч асуудалгүй бүртгэнэ гэдэг бүрэн итгэлтэй байсан учраас хууль журмын дагуу бүртгэл явагдсан тохиолдолд ямар нэгэн гомдол санал гаргахгүй гэдэг бичиг үйлдэхийг зөвшөөрсөн.
Хэрэв миний материалыг татаж аваагүй байсан бол Улсын Дээд шүүх намайг бүртгэж, АН-ын асуудал нэг талдаа гарах боломжтой байсан байх. Өндөр магадлалтай.
Улсын Дээд шүүх дээр зөвхөн О.Цогтгэрэлийн материал байсан учраас бүртгэгдэх өндөр магадлалтай байлаа. Учир нь намайг болон манай удирдлагын багийг мэдээгүй байхад материалыг маань татсан нөхцөл байдал үүссэн. Эрсдэл байсан боловч Улсын Дээд шүүх ном журмын дагуу хэлэлцэж, О.Цогтгэрэлийн талыг бүртгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан байна" гэлээ.