Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Гуравдугаар тунд хамрагдсан оюутнууд фитнессийн хөнгөлөлтийн эрх, кино үзэх эрхүүдээс сонгож авна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
5 минут 26 секунд

Зорилтод бүлгийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулж чадвал сургууль, цэцэрлэгийг 100 хувь танхимаар хичээллүүлэх боломжтой хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт МУИС-д дархлаажуулалтын явуулын цэг ажилласан. Оюутнуудын хувьд дархлаа сэргээх гуравдугаар тунгийн хамрагдалтын ирц өндөр байгаа учир нэмэлтээр бусад их дээд сургуулиудад дархлаажуулалтын цэг ажиллуулж эхлээд байгаа юм. Бүүстэр тунд хамрагдсанаар өмнөх хоёр тун вакцины нөлөөлөл сайжирч, ковидын халдвар авсан ч хүндээр өвчлөх эрсдэл бага байна гэж албаны хүмүүс мэдээлж буй.

ШУТИС-ийн Эрүүл мэнд, спортын төвийн захирал Ц.Ононтуул: “НЭМГ, БШУЯ хамтран их дээд сургуулиудад дархлаажуулалтын түр цэгийг ажиллуулж байна. Манай ШУТИС-д энэ сарын 22-25-ны өдрүүдэд дархлаажуулалтын цэг ажилласан. БГ, СБД-ийн эрүүл мэндийн төвүүдээс хоёр баг ирж оюутнуудыг дархлаажуулалтад хамрагдуулах ажлыг гүйцэтгэсэн. Эхний өдрийн байдлаар 471 оюутан дарахлаажуулалтад хамрагдсан бол хоёрдахь өдөр 685 оюутан хамрагдсан байна. Манай оюутнууд дархлаа дэмжих гуравдугаар тунд маш идэвхтэй хамрагдаж байна. Вакцинд хамрагдахгүй байгаа оюутнуудын хувьд тодорхой шалтгаан бий. Тэдний ихэнх нь саяхан ковидоор өвдөөд эдгэсэн, одоо халдвар авсан байгаа учраас вакцины гуравдахь тунг хийлгэх боломжгүй. Мөн гуравдугаар тундаа хамрагдсан оюутнуудад урамшуулал олгож байгаа. Өөрөөр хэлбэл, гуравдугаар тунд хамрагдсан оюутнууд фитнессийн хөнгөлөлтийн эрх, кино театрт кино үзэх эрхүүдээс сонгож авах юм” гэлээ.

ХӨСҮТ-ийн судалгааны баг дархлаажуулалтын түр цэгүүдэд судалгаа хийж байгаа юм. Энэхүү судалгаагаар хоёр тунтай байх үеийн дархлаа болон гуравдугаар тунг хийлгэсний дараа дархлаа хэдий хугацаанд хэрхэн тогтож буйг тогтоох юм.

БГД-ийн сүрьеэгийн эмч Г.Гэрэл: “Манай БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын хоёр баг МУБИС-д энэ сарын 23- 25-ны хооронд ажилласан. Дархлаажуулалтын эхний өдөр буюу 23-нд­­­­­ 380 орчим оюутан гуравдугаар тундаа хамрагдсан. Оюутнуудын дархлаажуулалтад хамрагдах ирц өндөр байна” гэдгийг хэллээ.

Дархлаажуулалтад хамрагдаж буй нийт оюутны 30 орчим хувь нь синофарм вакциныг хийлгэж байгаа бол үлдсэн хувь нь файзер вакциныг сонгож байна.

МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны мэргэжилтэн П.Одмаа: “Нийгэмд гуравдугаар тунгийн талаар сөрөг мэдээллүүд тархсан. Үүнээс үүдэн оюутнууд вакцин хийлгэхгүй байх шалтгаан гарч ирж байгаа ажиглагдаж байна. ДЭМБ болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд гуравдугаар тунг хийлгэх нь зөв гэж үзэж байгаа. Тиймээс оюутан залуусыг сошиал дахь худал мэдээлэлд итгэхгүй байхыг уриалж, үнэн бодит мэдээллээр хангахыг зорьж байна. Мөн манай сургуулийн оюутнууд танхимын хичээл эхэлснээс хойш маш их халдвар авсан. Ойролцоогоор 600 гаруй оюутан ковидын халдвараар өвдсөн. Тиймээс тэдгээр оюутнуудын хувьд гуравдугаар тун вакцин хийлгэх хугацаа нь болоогүй байгаа” гэв.

МУБИС-ийн оюутан: "Миний хувьд есдүгээр сард вакцины гуравдугаар тунд хамрагдахдаа файзер вакциныг сонгон хийлгэсэн. Саяхан манай гэр бүлийн гишүүд халдвар авсан ч би ганцаараа халдвар авалгүй үлдсэн. Вакцины гуравдугаар тунд хамрагдсан байсан учраас дархлаа сайн тогтож, халдвар аваагүй гэж бодож байна. Тиймээс ангийнхаа бусад оюутнуудыг дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байгаа. Сургуульд вакцинжуулалтын цэг ажиллаж эхэлснээр гуравдугаар тунд хамрагдах оюутнуудын идэвхи өндөр байгаа харагдаж байна" гэсэн юм.

ШУТИС-ийн оюутан: "Дэлхийн өнцөг булан бүрт цар тахалтай тэмцэж байна. Олон хүн халдварын улмаас нас барсан. Тиймээс нөхцөл байдлыг ухамсарлаад, вакцинаа хийлгэх нь бидний хийж чадах хамгийн том оролцоо. Энгийн амьдралдаа ороход иргэн хүний зүгээс хийж чадах хамгийн чухал үйл нь дархлаажуулалтад хамрагдах гэж бодож байна. Тиймээс бусад оюутнуудаа дархлаа дэмжих гуравдугар тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэдийг хэллээ.

Биднийг их дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын цэгт очиход оюутнууд халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж дархлаажуулалтдаа хамрагдаж байсан юм. Мөн оюутнуудын хувьд вакцины тухай мэдэгдэхүүн харьцангуй сайн байгаа бөгөөд өөрсдөө ямар төрлийн вакцин хийлгэхээ сонгож байна. Энэ нь дархлаажуулалтын багт ямар нэг байдлаар ачаалал үүсгэхгүй, илүү хурдан ажиллах боломжийг бүрдүүлж байна гэдгийг вакцинжуулалтын багийнхан хэлж байсан юм.

Маргааш Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
Маргааш Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.