УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ТББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Санаа зовж буй нэг асуудал байна. ЭЗХ-ийн яам дээр макро эдийн засгийн бодлогын судалгаа төлөвлөлтийг хийнэ гэж байна. ЭЗХ-ийн сайд нэг шат дээр байж яамны боловсруулсан судалгаа, төлөвлөгөөг бусад яам нь бодлоготоо шингээж явах байх. Ижил түвшний яам байхаар ЭЗХ-ийн яамны судалгаа, төлөвлөгөөг бусад яам нь авч хэлэлцэж, нэг зүгрүү харж ажиллах баталгаа бий юу. Хууль эрх зүйн орчноор үүнийг шийдсэн үү.
Хоёрдугаарт, жендерийн хөгжлийн асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд оруулахаар санал оруулж байгаад баяртай байна. Жендерийн асуудал бол бүхний яамны асуудал. Бүх салбарт эмэгтэйчүүд хамгийн гол ажлыг хийж байгаа" гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг бид 2020 онд баталсан. Нэмэлт өөрчлөлт хийж байгаа. Хөгжлийн бодлого, таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглээгүй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ батлахыг хориглоно. Засгийн газрын гишүүн болон орон нутгийн удирдлагууд хөгжлийн бодлогын бичиг баримтад заасан үзүүлэлтүүдээ ханган биелүүлээгүй бол албан тушаалтан, сайдыг огцруулах үндэслэл болно гэсэн хууль бий" гэв.