2021-2022 оны хичээлийн жилд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтыг 5/9 зарчмаар зохион байгуулж буй. Тэгвэл цаашид халдварын эрсдэл буурвал танхимын сургалтаа нэмэгдүүлэх боломжтой эсэхийг БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяраас тодруулахад "Өнөөдрийн байдлаар 389 сургууль хэвийн горимд шилжсэн байна. 5/9-ийн зарчим үйлчлэхгүй байгаа гэсэн үг. Ихэвчлэн сумын сургуулиуд байгаа. Өчигдөр манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг хэвийн горимд шилжиж буй сургуулиудын нэмэгдүүлэх чиглэлээр ярилцсан. 11 дүгээр сарын 1-нээс соёл урлаг, биеийн тамирын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн шүү дээ. Үүнтэй уялдаад бид ч танхимын сургалтын цагаа нэмэгдүүлэх чиглэлийг ярилцаж байна.
5/9 бол ковидын үед маш сайн зарчим. Гэвч багш нарт ачаалал нэмэгдээд байгаа учраас аль болох танхимын сургалтыг нэмэгдүүлье гэж байгаа юм. Бидний зүгээс Ерөнхий боловсролын сургуулиудын орчинд ковид алдахгүй барьж чадаад байгаа учраас итгэл орсон. Танхимын сургалтыг энгийн горимд шилжүүлэх асуудлыг судлахаар ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Ажлын хэсгээс тодорхой шийдэл гарц, гаргалгааг мэргэжлийн байгулулагуудтай ярилцаад оруулж ирэх байх" гэлээ.