Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олонхын бүлэг нь Засгийн газраа дэмжихгүй байгаад Ерөнхий сайд бухимдав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 15 секунд

Засгийн газар, парламент хоёр ойлголцож байж ажил урагшилдаг. Ингэхийн тулд парламентын гишүүдэд “давхар дээл” нөмөргөж, сайдын суудал хуваарилдаг учиртай. Гэвч 2020 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ эрх баригчид хэтэрхий сэтгэл хөдлөлд автсанаар “давхар дээлтэй” сайд дөрөвхөн байхаар хуульчилсан. Өнөөдөр тэд амаа барьж, УИХ-ын гишүүн сайдын тоо хэтэрхий цөөдөж, амьдрал дээрээ Засгийн газар хэтэрхий “бяргүй” болсон. Өөрөөр хэлбэл, гишүүдэд намрын чуулган эхэлсэн өдрөөс хойш Засгийн газраас хариуцлагагүй, чадваргүй сайдууддаа “банга” хүртээхийг сануулсаар байна.

Тэгвэл уг асуудал даамжирч эрх баригчдын намын бүлэг болон Засгийн газрын санал намрын чуулган эхэлснээс хойш бараг байнга шахуу зөрж буй нь ажиглагдаж байна. Эхнийх нь намын бүлэг, УИХ-ын дарга нь хариуцлагын асуудлыг хөндөхөд Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцохгүй гээд таг гүрийв.

Дараагийн зөрүүтэй байр суурь нь УБТЗ-ын даргын асуудал. Ерөнхий сайд РЖД-ийн Ерөнхий захирал О.В.Белозеровтой утсаар ярьж УБТЗ-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцлоо гэх протокол мэдээллийг гаргасан. Гэтэл үүнийх нь араас МАН-ын бүлгийн дарга “ОХУ-аас УБТЗ-ын даргаар Орос захирал тавина гэдэг шаардлага тавиад байгаа юм. Энэ шаардлагынх нь хариуд Монгол захирал байх хэрэгтэй гэдэг саналаа хүргүүл, ярилц гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн” гэж Засгийн газрын ойлголцсон гэх мэдээллийг үгүйсгэв.

Бүлэг болон ЗГ-ын өөр нэг зөрүүтэй байр суурь илэрхийлж буй асуудал бол Оюутолгой. Монголд байтугай дэлхийн хэмжээний төсөл бол Оюутолгой. Байгуулагдсан цагаасаа хойш монголчуудын хэл амыг амраагаагүй уг төсөл ойрын өдрүүдэд хэлэлцээрийн түвшинд ямар нэг шийдэлд хүрнэ. Риогийн зүгээс Засгийн газарт ирүүлсэн нууц захидлаараа дөрвөн саналыг хүргүүлсэн. Уг дөрвөн саналыг энд дарж унших боломжтой.

Тэгвэл уг саналыг хоёр долоо хоногийн өмнөх /2021.10.18/ бүлгийн хурлаараа бүтэн өдөржин хаалттай хэлэлцсэн байдаг. Ингэхдээ бүлгийн гишүүд дуу нэгтэйгээр УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Харин Засгийн газрыг уг асуудал дээр төлөөлж буй Х.Нямбаатар сайд хөрөнгө оруулагч талыг буулт хийсэн дээр нь хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар уян хатан хандахыг гишүүдээс хүссэн. Гэвч Засгийн газрын саналыг хүлээж авах нэг ч гишүүн байгаагүй аж. Ингээд бүлгээс өгсөн улс төрийн чиглэлийн дагуу Х.Нямбаатар сайд хөрөнгө оруулагч талтай өчигдөр хийсэн хэлэлцээртээ 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар тусгайлан онцолсон талаараа твиттер хуудаснаа бичиж тэмдэглэв. Үүнийг бүлгийн гишүүд нь унших ёстой.

Оюутолгойн асуудлыг бүлгээр хэлэлцсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл Засгийн газрын саналыг дэмжих боломж байгаагүй юу гэх агуулгаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй уулзсан ч “Нэг ч гишүүн дэмжихгүй байхад асуудалд хүч түрж болохгүй” хэмээн хариу өгүүлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

Харин энэ долоо хоногийн /2021.10.25/ бүлгийн хурал дээр Ерөнхий сайд оролцож мэдээлэл өгөх үеэрээ “Хэрвээ Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй, ямар нэгэн асуудал цаашдаа гарсаар байх юм бол өөрийн биеэр талбай дээр гарна шүү” гэх агуулгыг хэлж ихээхэн бухимдсан талаар эх сурвалжууд мэдээлэв. Бүлгийн гишүүд нь “юм л бол талбай дээр гарна гэх, Ерөнхий сайд хүн тийм зүйл ярьж болдог ч юм уу, үгүй юу” хэмээн ярилцаад сууцгааж байх жишээтэй.

Ерөнхий сайдын энэ үг Засгийн газрын бодлогыг олонхыг бүрдүүлж буй бүлэг нь дэмжихгүй байгаад өгсөн хариу мессеж. Зөрүүтэй байр суурьтай байхаас гадна сайдуудад хариуцлага тооцохыг гишүүд бараг байнга хөндөж байна. Энэ засаг болон бүлгийн байр суурь цаашаа энэ мэтээр зөрүүтэй байсаар байвал аль, аль нь хүнд байдалд орно. Засгийн газрын үйл хэрэгт УИХ хэт шуналтайгаар хажуугаас нь оролцож эхэлбэл асуудалд цочмог хандах нь ойлгомжтой болж ирлээ. Асуудал энэ хэвээрээ үргэлжилбэл улс төрийн тогтворгүй үйл явц жинхэнээсээ илээр бий болох магадлалтай.

Г.Лхагвадорж

ДАШТ-ий мөнгөн медальт 12 настай Н.Содбилэгт: Нэгдүгээр байрт орсон тамирчинтай оноогоороо тэнцсэн
ДАШТ-ий мөнгөн медальт 12 настай Н.Содбилэгт: Нэгдүгээр байрт орсон тамирчинтай оноогоороо тэнцсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.