УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 16.30 цагийн байдлаар Хэнтий аймгийн сонгогчдын 21 хувь, Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын 23 хувь нь саналаа өгсөн талаар бид мэдээлсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Сонгуулийн санал хураах цаг дуусахад 5 цагийн хугацаа үлдсэн байна. Энэ удаагийн сонгуулиар УИХ-аас 2.2 тэрбум төгрөгийн зардал баталсан. Хоёр тойрогт нийт 2500 орчим хүн ажиллаж иргэдийн санал авч байна. Сонгуулийн санал хураалт 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явж, хүмүүсийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөний зардал гарахыг та бүхэн анхаарна уу" гэв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78.2-т зааснаар Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулах юм.