Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоо 280 байсныг 420 болгож нэмэгдүүлсэн. Гэр хорооллоор дараалал багассан. Өнгөрсөн онуудад 600 цэгт борлуулалт хийж өвлийг хэвийн давж байсан. 11 дүгээр сарын 1 гэхэд цэгийн тоог 600 болгож нэмэгдүүлнэ.
Картны хувьд өнгөрсөн оны гүйцэтгэлээр 180 мянган хэрэглэгч худалдан авалт хийсэн. 240 мянган карт тараасан. Үүнийг цэгцлэхээр ажиллаж байна. Энэ ажил долдугаар сараас эхэлсэн ажил. Үүнд иргэд бага зэрэг маргаан үүсгэж байх шиг байна. Заавал бүртгэлжүүлж байж түлш авах боломжтой. Картаа бүртгэлжүүлээгүй иргэд авах боломжгүй байгаад иргэд гомдолтой байгаа. Бүртгэлжүүлэх ажлыг хороо бүрт шуурхай зохион байгуулж байна. Энэ ажил энэ сардаа багтаж дуусна" гэв.