Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн түлшний хангамжтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Үүссэн асуудлыг шийдвэрлэх, байдлыг хэвийн горимд оруулах шаардлага байна. Салбар дундын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, би ахлахаар болж байна. Бүрэлдэхүүнд холбогдох сайд, удирдлагууд оролцоно. Мөн шатахуун, халдварын тархалт гээд олон асуудал байна. Энэ нь улстөрийн хурцадмал үед бий болж байна. Ковидын нөхцөл байдал монголд төдийгүй дэлхий нийтээрээ хүнд байна. ЭМЯ, УОК бүгд чадлаараа ажиллаж байна" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хариуцлага алдсан сайд нартаа арга хэмжээ авах уу?
-Зохицуулалтын арга хэмжээ авч байна. Сонгуулийн үеэр далимдуулж улстөр хийх, зохиомол байдал бий болгох тохиолдол гарч байна. Өнөөдөр нэг компани буруу юм болчихлоо гэж мэдэгдэл хийсэн. Нэлээн улстөр явж байна. Сайдад хариуцлага тооцох асуудлыг ярьдаг хүн нь Үндсэн хуулиараа Ерөнхий сайд. Одоохондоо ийм асуудал яригдаагүй. Гэхдээ ажил сайжруулах арга хэмжээ авна. Байдал хэвийн болно. Хэнтэй хариуцлага тооцох нь жичдээ асуудал. Цалгардсан, цаг хугацааны хүчин зүйлийг тооцоогүй, гаднах нөхцөл байдлаа тооцоогүй зүйлүүд гарч байна. Хамгийн гол нь гадна талд болж буй асуудал хүндрэлтэй байна.