Засгийн газрын хуралдаанаар 2022 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Тэрбээр "Найман чиглэлээр "Хөдөлмөр, бүтээмж, өсөлт" гэсэн уриатай төсвийн шинэчлэлүүдийн зорилт тавьж байна. Үүнд,
Нэгдүгээрт, хөгжлийн төслүүдийг эхлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ.
Хоёрдугаарт, үр ашиг ил тод байдал, хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ.
Гуравдугаарт, Ирээдүйн өв сангаар баталгаажсан "Хуримтлалтай Монгол хүүхэд, баялагтай эзэн Монгол иргэд"-ийг бий болгоно.
Дөрөвдүгээрт, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттайгаар цааш үргэлжлүүлнэ.
Тавдугаарт, Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт чанар өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжиж, төрийн албаны бүтцийг шинэчлэнэ.
Зургаадугаарт, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна.
Долоодугаарт, Хөрөнгө оруулалтын аргачлал цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй
Наймдугаарт, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад ирэх 4 жил онцгой анхаарч ажиллана" гэлээ.