Завхан аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн тул иргэдийг малд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Тодруулбал, есдүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хужир багийн нутаг “Хужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн. Мөн есдүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан. Есдүгээр сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгай хоёр бамбарууштайгаа орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Энэ нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй. Иймд малчид, ард иргэд та бүхэн малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх. Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх. Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.