Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс төрийн олон төрлийн үйлчилгээг авах боломжтой байдаг. Хүний хөлд байнгын дарагдаж байдаг газар гэж хэлж болно. Харин ойрын өдрүүдэд улам ч ачаалалтай болжээ. Учир нь Өршөөлийн хуульд хамрагдаж, үлдсэн торгуулиа төлөхөөр ирсэн жолооч нар урт дараалал үүсгэж байна. Биднийг Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний газарт ирэхэд хүмүүсийн бөөгнөрөл, хөл толгой нь мэдэгдэхгүй байдал угтлаа.
Халдвар хамгааллын дэглэм сахих, хүн хоорондын зайг барих битгий хэл хоорондоо зөрөх ч боломжгүй давчуу байв.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын менежер С.Мөнхсанаа “Ирэх сарын 1-н гэхэд жолооч нар татвараа төлж дуусгасан байх ёстой. Хэрэв үүнээс хойш төлөлт хийгдвэл торгуулийн хэмжээг бүтэн төлөх болно. Жолооч нар заавал нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд өөрийн биеэр ирж торгууль төлөх шаардлагагүй. Тодруулбал, иргэн өөрөө “smartcar” аппликэйшн болон банкаар дамжуулан төлөлт хийх боломжтой. Мөн emongolia ашиглан төлж болно. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв зургаан төвтэй. Зайлшгүй тохиолдолд өөрт ойр байрлах салбаруудаар үйлчлүүлэх боломжтой. Татвар хөнгөлөлтийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан Гэрэгэ систем болон smartcar аппликэйшний хувьд ачаалал их үүсч байна. Үүнийг холбогдох байгууллагууд нь сайжруулахаар ажиллаж байгаа гэж найдаж байна” гэлээ.
Хэдхэн өдрийн өмнө бид “Цахим үндэстэн” болсноо зарлаж, олныг хамарсан томоохон арга хэмжээ хийгээд амжсан. Гэтэл бодит байдал дээр хэдэн жилийн өмнөх шигээ бахь байдгаараа, нөгөө л нэг очер дараалалдаа бухимдан зогссоор байна.
Харин жолооч нарын хувьд “цахимаар төлөх гэсэн боловч систем нь ачааллаа дийлэхгүй байна", “дансны мэдээлэл зөрсөн учраас өөрийн биеэр ирсэн”, ”цахимаар төлсөн ч торгуулийн хөнгөлөлт хасагдахгүй байсан” гэх тайлбарыг өгч байна.
Асуудал гээндээ ч бий, гоондоо бий гэдэг шиг цахим үндэстэн болсон төрийн царай "ийм" байна. Нөгөө талаасаа аль долдугаар сараас хойш төлөх боломжтой торгуулийг өнөөдөр хүртэл төлөөгүй, улмаас цэгүүдэд дараалал үүсгэж байгаа нь монголчуудын ямар ч зүйлийг цагийг нь тулгаж хийдэг зан харагдаж байна.
Э.Дэлэгнанзадмаа