АТГ-аас өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн газрын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг авлига албан тушаалын хэргээр баривчилж, 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Ш.Нямдоржийн гэр болон хувийн оффист нэгжлэг хийж их хэмжээний ам.доллар хурааж авч, түүнийг НПГ-аас яллагдагчаар тооцоод байсан билээ.
Тэгвэл түүний үйлдсэн хэргийг 9 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ш.Нямдорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээ өөрөө сайн дураараа хүлээж хуульд зааснаар үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт гаргаад байжээ.
Ингээд шүүхээс Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, 22.10 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг гэм буруутайд тооцож, хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгон хураажээ. Мөн түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Ийнхүү түүний хэрэг "хурдтайгаар" шийдэгдсэн нь өөрөө хэргээ хүлээсэнтэй нь холбоотой гэнэ.
Г.Лхагвадорж