"Зэвсэгт хүчний 065" дугаар ангийн барилгын дээвэр дээрээс хоёр хүн унаж бэртсэн тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Тодруулбал, "Зэвсэгт хүчний 017" дугаар ангийн дэд ахлагч 22 настай М болон жирийн иргэн нар тус ангийн барилгын дээвэр дээр ажиллаж байх үедээ унаж, дэд ахлагч М ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгвэл, дэд ахлагчийн ар гэрийн төлөөллөөс нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Тухайн үед ямар осол гарсан юм бол?
-Манай дүү "Зэвсэгт хүчний 017" дугаар ангид алба хаадаг, дэд ахлагч. Одоо 22 настай. Өчигдөр орой 23 цагийн үед барилгын дээвэр дээрээс унаж бэртсэн. Бид тухайн үед хамт байгаагүй учир ямар осол болсон талаар төдийлөн сайн мэдэхгүй байна. "Зэвсэгт хүчний 065" дугаар ангийн барилгын дээвэр янзалж байсан юм байна лээ.
-Одоогоор биеийн байдал хэр байна?
-Биеийн байдал нь тодорхойгүй, унтуулгатай байна. 22-хон настай дүү маань одоо сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Дунд чөмөг нь хугарсан, толгойныхоо ар дагзанд маш хүнд бэртэл авсан.
-Тус ангийн төлөөлөл та бүхэнтэй ирж уулзсан юу?
-Салбарын дарга болон талбайн инженер хоёр нь ирж уулзсан.
-Шөнийн 23 цагийн үед яагаад барилгын ажил хийж байсан юм бол. Мөн хамгаалах хэрэгсэлтэй байгаагүй юм уу?
-Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн дээврийг яаралтай дуусгах ёстой гээд шөнийн 23 цагт ажиллаж байсан юм байна лээ. Байнгын өдөр шөнөгүй, амралтгүй ажилладаг төрийн албан хаагч. Хөдөлмөр хамгааллын ямар ч хувцасгүй байсан. Хамгаалах малгай, бэхэлгээ гээд ямар ч хамгаалалтын хувцасгүй байсан. Манай дүү ч гэлтгүй ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалах хэрэгсэлгүй байсан юм билээ.
-Хамт бэртэл авсан хүн нь ямар хүн байсан юм бол?
-Тухайн хүн нь талбайн инженерийх нь нөхөр.
-Та бүхэн эмчилгээний зардлаа хувиасаа гаргаад явж байгаа юу?
-Тийм ээ. Цэргийн ангиас одоохондоо эмчилгээний зардал ч гэдэг юм уу энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Бид энэ талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас тодруулахад,
"Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн барилгын дээвэр дээр ажил хийгдэж байгаа. Орой уртасгасан цагаар ажиллаж байгаад нэг давхрын дээврээс унасан юм байна лээ. Дэд ахлагч "М"-ийн хувьд биеийн байдал хүнд байгаа. Харин хамт осолдсон гэх энгийн иргэний биеийн байдал хөнгөн, томографийн зураг авахуулаад гэртээ харьсан гэсэн мэдээлэл авлаа. Олон нийтийн зүгээс 22 хүн унаж бэртсэн гэх буруу мэдээлэлтэй байна. Тиймээс үнэн зөв мэдээлэл аваад эргэн мэдээлье" гэлээ.