Өнгөрөгч 7 сарын 23-26 нд БНСУ-д Монгол Солонгосын “Агаарын хэлэлцээр” болж УБ-Сөүлийн чиглэлийн нислэгийн хуваарьт “Изинис” нэртэй хувийн компанийг Монголын талаас шахсаар байгаад оруулж шалгаруулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Угтаа бол энэ чиглэл нь төрийн өмчит МИАТ компани хамгийн их ашиг олдог гол чиглэл юм. Гэтэл энэ чиглэлд хувийн компанийг улсын нэр барьж оруулсаны учир юу вэ, бусад компанийг оруулахгүйгээр зөвхөн түүний компанид давуу тал олгосон шалтгаан юунд байв хэмээн сошиал орчинд шүүмжлэл өрнөж эхлээд байна. Ядархад яр гэгчээр МИАТ-ийнхэн хувийн компанийг өмөөрч суугаа нь улс төрийнхөнд төдийлөн таалагдахгүй байгаа гэх мэдээлэл ч явж байгаа юм.
Үүний шалтгаан нь “Изинис”-ийн эзэн нь Б.Хурц генерал гэж мөн л хэвлэлүүдээр шуугиж эхлээд байна. Тэгвэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэгч Б.Хурцын хүн гэдгээрээ олонд танигдсан бөгөөд танил талд тохой татаж, албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон уу гэдэг сонирхолтой. Албан тушаалтан аль нэг хуулийн этгээд, иргэнд хууль бусаар давуу байдал олгосон бол албан тушаалын гэмт хэрэг болох тул Л.Бямбасүрэн дарга тун удахгүй асуудалд орж, “дээлээ нөмрөх” дээрээ ч тулахыг үгүйсгэхгүй гэнэ. Ер нь төрийн байгууллагаар “онгоцоо” засуулдаг гэхээс эхлүүлээд агаарын тээвэртэй Б.Хурц генералын нэр ихээхэн холбогдож ирснийг өнгөрсөн хугацаанд гарсан мэдээллүүдээс тодорхой харж болно. Түүгээр ч барахгүй эхнэрийнх нь асуудал ч МИАТ-ийнхэн дунд сэм яригддаг гэнэ.
Ер нь ИНЕГ болон МИАТ-тэй холбоотой асуудлууд үүгээр дуусахгүй. Тиймээс задарсныг засаглаж, ядарсныг дэмжинэ гэж хоолой мэдэж хашгирсаар гарч ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хуулийн засагладаг болохын төлөө ажиллаж байгаа гэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төр засгийнхан эдгээр зүйлст хэзээ анхаарлаа хандуулах вэ. Ард түмэн хүн биш, хууль засагладаг болохыг маш анхааралтай ажиглаж байна. Ажиглаж байна гэснээс, саяхан нэгэн УИХ-ын гишүүнийн хувийн компанийн ажлын өрөөнд АМГТГ-ын дарга Г.Хэрлэнтэй уулзсан гэх мэдээлэл хөвөрч байна лээ шүү.