Чингэлтэй дүүрийн 17 дугаар хорооны Засаг даргын саналаар Чингэлтэй хайрханы модон дотор байрлах "Уулын фитнесс"-ийг татан буулгахаар болсон. Уг шийдвэрийг тус газарт дасгал хөдөлгөөн хийдэг залуус эсэргүүцээд байна.
Буулгаж байгаа шалтгааныг Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Засаг дарга В.Хүрэлбаатараас тодрууллаа. Тэрбээр “Уулын фитнесс гээд сүржигнэж ярихаа болих хэрэгтэй. Хүчингийн гэмт хэрэг гарч, архидан согтууралт болдог газрыг яагаад цуцлуулахгүй гээд тэмцээд байгаа юм бэ. Хоёрдугаарт, манай хорооны чанх урд том цэцэрлэгт хүрээлэн байгаа. Тэр уулын фитнесийг нь засаж янзлаад, стандартынх нь дагуу хийгээд өгье гэж санал тавьсан. Гэвч тэд нар зөвшөөрөхгүй байгаа юм. Тэр газрыг очоод үзвэл стандартын шаардлага хангаагүй турбонууд их байгаа. Тэдгээр нь хэн нэгэн хүүхдүүдийн дээрээс унаж бэртээвэл хариуцлага хүлээх хүн олдохгүй шүү дээ. Мөн тухайн газрыг хариуцаж байгаа хүмүүс нь огт цэвэрлэдэггүй. Хорооноос очиж цэвэрлэдэг. Тэр газар нь иргэд гүйдэг, явган алхдаг, амардаг талбай юм. Энэ нь эрсдэлтэй, болохгүй, стандартынх нь дагуу шинэчлээд өгье гэж хэлсний төлөө би гүтгүүлээд сууж байна. Би цагдаад хандана. Оны өмнөхөн тэнд хүчингийн хэрэг гарсан. Жорлон хүртэл ухаад хаячихсан. Ой модонд тийм зүйл байж болохгүй шүү дээ. Тэнд камер байрлуулахгүй. Анхнаас нь камераа суурилуулж, стандартын төвшинд хийхгүй яасан юм бэ” гэлээ.