Он гарсаар улсын хэмжээнд 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байна. Үүний 67 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа аж. Урин дулааны улиралдд амарч зугаалах иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор усны ослын дуудлага ихсэж, осолдосон иргэдийг эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа тохиолдлууд байна. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар Туул голд живсэн хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр буй. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газарт орших Хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм.
Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.
Иймд:
-Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчихыг албаныхан анхааруулжээ.