Приус маркийн тээврийн хэрэгслийн эд анги болох нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ. Энэ талаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Буянзаяа “НЦУГ-ын мөрдөн шалгах газар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги болох нүүрсэн яндан хулгайд алдагдсан хэргүүдэд дүн шинжилгээ хийн, мэдээ мэдээлэл цуглуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг энэ оны долдугаар сарын 20-21-нд шилжих шөнө дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэхүү төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа сэжигтэй бүлэг этгээдүүд нь тээврийн хэрэгслийн буюу приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хулгайлахдаа гэрэлтүүлэггүй газар, шороон зам, булан тохой зэрэг газарт байршуулсан тээврийн хэрэгслээс нүүрсэн янданг нь хулгайлж, цааш нь зарж борлуулж байгаа тул иргэд жолооч нар анхаарна уу. Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг алдсан бол харъяа дүүргийн цагдаагийн байгууллагад хандаж, өргөдөл гомдол гарган хамтарч ажиллахыг урилмаар байна” гэлээ.
“Мөнгөнд хэт их шунаснаас ийм үйлдэл хийсэн”
Тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайлах хэрэгт холбогдоод буй этгээд: Приус 20 маркийн машины нүүрсэн янданг хулгайлдаг байсан. Мөнгөнд хэт их шунаснаас ийм үйлдэл хийсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй.
Хулгайн эд ангийг зарж борлуулсан этгээд: Энэ эд ангиудыг хулгайч нар авчирч өгөөд байгааг мэдээгүй. Ер нь бэлдэц, тавьж өгөөд хоёр саяаар аваад 100 мянган төгрөгийн ашигтай л зардаг юм. Хүн авчих гээд явуулсан байхаар нь авчихсан юм.
Энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 18-р бүлгийн эдийн засгийн гэмт хэргийн ангиар зүйчлэгддэг аж. Тодруулбал, “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.