УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Хууль батлагдсанаар хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор болж байна. Мөн айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгохоор болж байна.
Мөн КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй уялдуулж сайжруулах; цар тахлын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.