Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн баяр наадам хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан хэдий ч наадмын амралтыг хэвээр үлдээсэн. Амралтын өдрүүдээр иргэдийг дархлаагаа дэмжиж, агаар салхинд гарахыг Засгийн газраас уриалж буй. Улмаар орон нутаг руу явах боломжийг нь нээж, хязгаарлалт тогтоосон аймгуудыг хугацаагаа дахин сунгахгүй байх чиглэл өгөөд байгаа юм.
Мөн баяр наадмын амралтын үеэр нийслэлчүүд хөдөө, гадаа явах нь элбэг байдаг учраас аялж зугаалахдаа таваас дээшгүй хүнтэй аялах, мөн тухайн орон нутагт мөрдөгдөж байгаа дүрэм журмыг дагаж мөрдөх, гэр бүлээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах хэрэгтэйг анхаарууллаа.
Түүнчлэн эдгээр өдрүүдэд иргэдийг хэрхэн зөв зохистой аялах талаар тодорхой саналуудыг УОК-оос гаргаснаа УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцуулсан юм. Гэр бүлээрээ аялж байгаа тохиолдолд таваас дээш насны хүүхдээс шинжилгээ авна. Нэг гэр бүлийг төлөөлж, нэг хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана. Харин жирэмсэн болон архаг хууч өвчтэй иргэдийг аялал зугаалгад аль болох явахгүй амралтын газруудад амарч дархлаагаа дэмжихийг анхааруулав. Учир нь орон нутагт амарч байгаад халдвар авч, хэрвээ халдвар авбал хүндрэх эрсдэлтэй гэсэн юм.