Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Генерал С.Ганбатын баривчилгаа Х.Баттулгыг төмөр замтай холбож шалгах “ҮҮД”, Г.Занданшатарт өгөх гурав дахь “САНУУЛГА” байсан уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 34 секунд

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатын баривчилгаа олон учиг, дуусашгүй их эвдрэлцэл, дараалсан баривчилгаа зэргийг араасаа дагуулж мэдэхээр боллоо. Түүнийг гүйцэтгэх ажиллагааны материалыг хувьдаа ашигласан. Мөн гэрт нь 500 мянган ам.доллар, их хэмжээний зэвсэг байсан гэх мэдээллийг Eguur.mn сайтад өнөөдөр нийтэлсэн.

Тэгвэл мань хүнийг саатуулсан газар нь Тагнуулын Ерөнхий газар. Тус байгууллага нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шууд удирдлага дор байдаг харьяа байгууллага. Тиймээс улс төрийн өнцөгтэй хоёр хардлага төрөх болов.

Екс Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгах эхлэлийг ойрын хүн С.Ганбатаар нь тавьж байна уу

Нэгдүгээрт, эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Ганбат нь Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэнэ. Баянхонгорын гаралтай энэ хоёр хүний нөхөрлөл бүр эртнээс эхэлсэн гэдэг. Тиймээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга тамгаа өгөхөөсөө өмнө "оочер дайруулж" С.Ганбатад Бригадын генерал цол хүртээсэн. Дотоодын цэргийн командлагч, хурандаа Ж.Болдод генерал цолыг нь олгоогүй атлаа, Дотоодын цэргийн штабын даргад нь бригадын генерал цол олгосон нь аль ч талаасаа туйлын сонин үйлдэл. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга сая баривчлагдсан С.Ганбаттай ойр болохыг харуулж буй нэг нотолгоо юм.

Тэгвэл С.Ганбатын баривчилгаа нь экс нэгдүгээр хүний хүмүүсийг "тойруулах", яваандаа Х.Баттулгатай холбоотой төмөр замын болон бусад асуудлуудыг шалгаж магадгүй гэдэг хардлага бий болж эхлэв.. Өөрөөр хэлбэл, нэг талаас сануулга бөгөөд нөгөө талаас экс Ерөнхийлөгчийг шалгах үйл явцын эхлэл байж болзошгүй. Түүнийг суудлаа өгөхтэй зэрэгцэж эрх мэдлээ "алдсан" даруйд нь түүнтэй хамааралтай төмөр замын асуудлууд болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой асуудлуудыг хууль хяналтынхан шалгаж эхэлнэ гэдэг бор шувуу саарал ордноор "нисэж" байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа хамгаалахын тулд Г.Занданшатарт гурав дахь сануулгаа өгсөн үү

С.Ганбаттай Х.Баттулгаас дутахгүй ойр байдаг хүн бол одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар. Замын-Үүдийн асуудал, эмнэлгийн гадаа нас барсан иргэн зэргээс болж угаасаа доргиход бэлэн байсан Л.Оюун-Эрдэнийн засаг жинхэнээсээ "доргиж" мэдэхээр болов. Үгүй дээ, гэхэд ядаж танхимаасаа 2-3 сайдыг "сугалуулах" эрсдэлтэй болж ирсэн. Хэрвээ нэг сайдаа л "сугалуулвал" Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар жинхэнээсээ "гоожиж" эхэлнэ. Засгаа огцруулчихвал Л.Оюун-Эрдэнэ намын дарга байх хөг нь өнгөрнө. Сая арга ядсандаа л Их хурлаасаа биш "хайрцагласан" бага хурлаасаа намын даргаар өөрийг томилуулж үлдсэн.

Ерөнхий сайд огцорч, намын даргаа алдахыг хүлээж суугаа, эсвэл энэ бүгдийг нь булааж авч мэдэх ганц хүн нь Г.Занданшатар. 70-аад оныхны төлөөллүүдийн "олимпын найдвар" тэрбээр хөдөлж эхлэхээр шийдвэл "галын" дэмжлэг үзүүлэхэд бэлэн араа шүдээ хурцалсан бүхэл бүтэн арми байгаа.

Энэ утгаараа Г.Занданшатарын ойрын хүнийг асуудалд холбогдуулан барьсан байхыг магадлал өндөр. Хэрвээ тийм бол Л.Оюун-Эрдэнэ гурав дахь удаагаа УИХ-ын даргаас "айж" буй нь энэ юм. Эхнийх нь өнгөрсөн жил У.Хүрэлсүх шинэ Засгийн газраа бүрдүүлсэн даруйд нь Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын дүрээр гарч ирж өөрийг нь олон сарын турш тагнаж, чагнасан гэх асуудлыг сөхсөн. Улмаар Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, тус газрын дэд дарга Б.Энхсүх нарыг Засгийн газрын нэг хурлаас зэрэг чөлөөлж байв. Тэр үед Баабар тэргүүтэй эрхмүүд Г.Занданшатарын хүмүүс Л.Оюун-Эрдэнийг тагнасан, чагнасан хэргээр чөлөөлөгдлөө гэж сошиалаар шуугиж байв. Уг үйл явдал өнөөдөр өрнөж буй эрх мэдлийг төлөөх тэмцлийн эхлэл байсан. У.Хүрэлсүх сонгуулийн дараа хэний ч тооцоолоогүй сул танхим бүрдүүлэхэд улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой боллоо гэж байсан. Тиймээс ирээдүйд гарах У.Хүрэлсүхийн орон зайг хэн эзлэх вэ гэсэн асуултын тэмдэгт эзэн болохоор Л.Оюун-Эрдэнэ гол өрсөлдөгч Г.Занданшатарт ийнхүү аткас үзүүлсэн юм.

Хоёр дахь тохиолдол нь өнгөрсөн хавар У.Хүрэлсүх нэр дэвшихтэй зэрэгцэж 70-аад оны төлөөллүүд дахин Г.Занданшатарыг зүтгүүлж эхэлсэн. Үүнээс нь сэргийлэхийн тулд Ц.Анандбазарын хүчирхийллийн гэх хэргийг босгож нийгмийг мунхруулж, Г.Занданшатарт "дараагийн хүн нь чи шүү" гэх шахалтыг үзүүлэв. Сүнээ хүртэл Ц.Анандбазараас урьтаж Г.Занданшатар гэдэг нэрийг зарлаж азаартаж байсан. Одоо бүх зүйл Л.Оюун-Эрдэнийн талд шийдэгдсэн хойно Ц.Анандбазарын хэрэг хэнд ашиггүй, нийгэм ч мартав. Үнэхээр асуудалтай байсан юм бол гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгах байсан. Тиймээс Ц.Анандбазар хүчирхийлэл бол намын даргын өрсөлдөөнд орох Г.Занданшатарт тулгасан "хутга" төдий л зүйл байлаа.

Тэгвэл сая гурав дахь удаагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хандсан "сануулгыг" Ерөнхий сайд өгөв бололтой. Наадам, жагсаал цуглаан, эмнэлгийн гадаа ковидоор нас барсан иргэн, Замын-Үүдийн асуудал гээд дараалсан асуудлууд Засгийн газрыг чиглэсэн. Намрыг хүлээсэн Ардын нам доторх "босогчид" үүнийг нь өлгөж аваад улс төрийн дайралт хийж болзошгүй гэх "тагнуулын" мэдээ авсан тул Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оныхон уг улс төрийн тоглолтыг хийж буй бололтой. МАН-д ажиллаж эхэлсэн цагтай "тэсрэх бөмбөг" нэг л өдөр тэсэрхэд бэлэн боллоо. Гурав тэвчсэн хүн дөрөв дахь удаагаа тэвчих болов уу.

Г.Лхагвадорж

Хараа хяналтгүйгээс бага насны хүүхэд хохирвол асран хамгаалагчид нь хэрэг үүсгэнэ
Хараа хяналтгүйгээс бага насны хүүхэд хохирвол асран хамгаалагчид нь хэрэг үүсгэнэ
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.