Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг энэ оноос мөрдөж эхэлж байна. Гэхдээ коронавирусийн халдварын цар тахалтай холбоотойгоор тус хуулийг хэрэгжүүлэхийг хагас жил хойшлуулаад байсныг энэ сарын 15-наас авч эхлэх талаар татварын байгууллагаас мэдээлж байна. Тодруулбал, коронавируст цар тахлын улмаас иргэдийн орлого хомсдож, эдийн засгийн хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 4-ний хуралдаанаар өнөөдрийг хүртэл малын хөлийн татварыг “0” хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг сум, аймаг, дүүргийн ИТХ-д зөвлөмж болгоод байсан юм.
Малын тоо толгойн албан татварын тухай хуульд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ малын төрөл тус бүрээр тогтооно” хэмээн заасан юм. Нэг ёсондоо нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ 2 мянган төгрөг хүртэл байхаар тогтоосон юм.