Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Ашигт малтмалын лиценз болон газар эзэмшиж байгаа иргэдийн мэдээллийг ил болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 14 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; хэлэлцэж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Нийтийн мэдээлэл гэдэгт юуг оруулах вэ. Төрийн байгууллага ямар мэдээллийг нууцлах, ямрыг нь нууцлахгүй вэ гэдгийг хэн хаанаа хянах вэ. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль маш чухал гээд батлуулаад гарсан. Гэтэл хэрэгжилт нь хангалтгүй байна. Судалгаагаар бүрэн дүүрэн хэрэгжих боломжгүй байна гэж үзсэн гэнэ. Яагаад бүрэн хэрэгжих боломжгүй юм бэ. Цар тахалтай холбоотойгоор олон нийтийн мэдэх эрхийг хааж боогдуулсан зүйлүүд гараад байна. "Энхсаран" сувиллын газрын нөхцөл байдлыг дэлгэсэн гэх залуу одоо шүүгдээд явж байна. Түүний буруутай эсэхийг бид мэдэхгүй. Гэхдээ "Энхсаран" сувилал бол ковид цар тахлыг гаргасан, нөхцлийг бүрдүүлсэн гэдэг нь бүх хүний мэдэх эрх. Жишээ нь, иймэрхүү мэдээллийг яаж хүргэх юм. Олон нийтийн мэдэх эрхийг хангасныхаа төлөө төрийн нууц задруулсан, байгууллагын нууц задаллаа гээд буруудаад байх уу. Тэгэхээр энэ бүхнийгээ тодорхой болгомоор байна"

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нийтийн мэдээллийн тухай хуулиар бид мэдээлэл авагчийн эрхийг бүлгээр хангаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийн 3 дугаар бүлэгт мэдээлэл авахыг хангах гэж байгаа. Энд мэдээлэл авах эрхтэй хүмүүс ямар эрхээр хангагдах вэ, мэдээллийг ямар хэлбэрээр авах, ямар тохиолдолд мэдээлэл авагчийн эрхийг хангах вэ гээд нарийн зохицуулсан байгаа. Мөн энэ хууль анх удаа ямар мэдээллийг нээлттэй байх вэ гэдгийг бүгдийг нь тооцсон байгаа. Хүний газар эзэмших эрх, ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа мэдээлэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, төрийн болон төрийн өмчит компанийн ашиг орлогын алдагдал, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, бүтэц бүрэлдэхүүн гэх мэт таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй байхаар хуульчилж байна.

"Энхсаран"-гийн тухайд тус сувиллын нөхцөл байдлыг зарласныхаа төлөө шийтгүүлж байна гэж тэр залуу яриад байгаа. Хэргийн нөхцөл байдлын талаар тодруулахад, мэдээлэл задалсандаа хариуцлага хүлээж байгаа юм биш. Халдварын хамгааллын журмыг зөрчсөн учраас шалгаж, зөрчлийн арга хэмжээ авсан юм билээ" гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

НЭМҮТ: Дельта хувилбарын талаар бид юуг мэдэх вэ
НЭМҮТ: Дельта хувилбарын талаар бид юуг мэдэх вэ
 
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.