УИХ-ын чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Улмаар гишүүдийн 40 нь хаалттай хэлэлцэх санал гаргаснаар уг хуулийн төслийг хаалттай горимд шилжүүлж байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож оногдуулсан болон биечлэн эдэлсэн хорих болон хорихоос өөр төрлийн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөхөөр тусгасан. Ялаас өршөөхөд ялтан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэмт хэргийн хохирлын тодорхой хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 6.7.1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дэх зүйлд заасан журмын дагуу тэнссэн, 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгохоор төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуульд зарим гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн хоригдлын оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан болон торгох ялын 15 нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 өдрийг хорих ялын 1 хоногоор тооцож, ялтны ялаас дүйцүүлэн хасах юм байна.
Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгаж, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй гэв. ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсантай холбогдуулан Европын холбооны хар жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулж байсан. Монгол Улс дээрх хоёр жагсаалтад дахин орохгүйн тулд ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар зохицуулсан гэв. Өршөөлд хамруулахгүй зааснаас бусад зөрчил үйлдэж, оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор төсөлд тусгажээ.
Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй байхаар хууль хэрэглэх журмыг тусгажээ. Мөн 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр төсөлд тусгажээ. Тус хууль нь 2017 оны долдугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэлх хугацаанд 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан байна.