УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Өршөөл үзүүлэх тухай" хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн. Тус хуулинд Үндэсний баярын наадмын тухай хуулиар эрхээ хасуулсан бөх, сур харваачдын үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгасан нь шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, хэрэв хууль батлагдвал 2019 онд допингийн асуудлаар эрхээ хасуулсан улсын аварга Э.Оюунболд, өнгөрсөн жил /2020 он/ допинг илэрсний улмаас барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага болсон Б.Бат-Орших, допинг илэрсний улмаас барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан улсын начин Д.Цэрэнтогтох, сур харваач Х.Даваацэцэг нар өршөөлд хамрагдах нөхцөл бүрдээд байгаа юм.
Харин Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт илгээсэн албан бичигтээ, "Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2-т, Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэсэн заалттай зөрчилдөж байгаа тул хасах санал хүргүүлж байна" гэсэн байна.