Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр буюу өнөөдөр 17.30 цагаас нэр дэвшигчид МҮОНТ-ээр мэтгэлцэх байсан боловч "Зөв хүн электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан учир шууд эфирт оролцох боломжгүй болж мэтгэлцээн цуцлагджээ. Энэ талаар МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар,
"МҮОНРТ сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах бэлтгэлээ бүрэн хангаад байлаа. Гурван намын төлөөлөлтэй хугацаагаа тохирсон байсан. Зургадугаар сарын 2-нд, өчигдөр болон дөнгөж сая гурван намын төлөөллүүдтэй уулзсан. Таван сэдвийн хүрээнд нэр дэвшигчид 17.30 цагаас мэтгэлцэж эхэлнэ гэж төлөвлөж байлаа. Нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан ба түүний хэвтэн эмчлүүлж байгаа Хоёрдугаар эмнэлэг рүү бид албан бичиг хүргүүлсэн. Тус эмнэлэгт явуулын станцаа явуулж шууд дамжуулалт хийх санал тавьсан. Бидэнд ирсэн хариунд, улаан бүсэд хэн нэгнийг нэвтрүүлэх болон халдвар авсан иргэнийг гаргах нь хориотой болохыг мэдэгдсэн. Ингэснээр мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй боллоо.
Цахимаар мэтгэлцээн явуулах нь телевизийн эфирт тохирохгүй. Улстөрийн мэтгэлцээнийг хийхдээ нүүр нүүрээ хараад халз мэтгэлцэх шаардлагатай" гэв.