Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргийнхээ бүтээлч залуусыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн дэргэд SHARE CENTER буюу “Дундын оффис”-ыг Баянзүрх дүүргийн Тамгын газар дээр байгуулсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон НИТХ-ын төлөөлөгчид урилгаар оролцлоо.
Нээлтийн ажиллагааны үеэр ирэх жилүүдэд дүүрэгт хийх бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, УИХ-ын гишүүд болон Нийслэлийн төлөөлөгчидтэй дүүргийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар санал бодлоо солилцсон бөгөөд улс, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэл, иргэддээ чиглэсэн үр өгөөжтэй бүтээн байгуулалтуудыг хийх талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Шинээр бизнес эхлүүлж буй залууст зориулсан SHARE CENTER буюу “Дундын оффис”-ын үүд хаалга дүүргээ хөгжүүлэх шинэ санаачлага гаргаж буй залууст нээлттэй ба төслөө Баянзүрх дүүрэгт ирүүлснээр 14 хоног тутамд төслийг шалгаруулж, шалгарсан төслийг дүүргийн зүгээс дэмжин хэрэгжүүлэх юм.
Тус төвийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулсан бөгөөд хурлын танхим, өндөр хурдны интернет бүхий уулзалтын танхим, номын сантай. Энд залуус сургалт, эвэнт, арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой.
Нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Дүүргийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах шинэ залуу үеийн санал, санаачлагыг дэмжиж зорилготойгоор энэхүү төвийг тохижуулан үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Шинэ ололт, бүтээлч санаачлагуудыг дүүргийн зүгээс бүх талаар дэмжих болно” гэдгийг онцоллоо.
Мөн дүүргийн Засаг дарга Н. Баярмөнх УИХ-ын гишүүн Х.Булгантуяад өөрийн салбарын талаар залуучуудад хэрэгцээтэй мэдээ мэдээллийг өгөх үйл ажиллагааг тус төвд зохион байгуулах хүсэлтийг тавьсан юм.
Тус төв нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 давхарт байрлаж байгаа бөгөөд нэг дор 20-30 хүн суух боломжтой.
Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв нь төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, шинэ залуу үеэ нийгэмд байр сууриа эзэлж, зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний туршлага олж авахад нь дэмжих зорилготой юм.