Германы эрдэмтэн “AstraZeneca”, “Johnson & Johnson” компаниудын вакциныг хийлгэсэн зарим хүмүүст цусны бүлэгнэл үүсдэг шалтгааныг тогтоосон талаар "Financial Times” сонин мэдээлжээ.
Франкфурт дахь Гёте их сургуулийн профессор Рольф Маршалекийн тайлбарласнаар, дээрх компаниудын вакцин нь “SARS-CoV-2”-ын өргөс уургийг хүргэхийн тулд хоёулаа аденовирусний векторыг хэрэглэдэг бөгөөд энэ нь эрүүл эсийн цитозолын шингэн рүү бус харин цөм рүү нь чиглүүлдэг аж. Өргөс уургуудын зарим нь эсийн цөмд орсны дараа задарч, дархлаажуулалтын процесс явагдаж буй эсийн мембрантай холбогдож чадахгүй мутант хувилбаруудыг үүсгэж, энэ нь зуун мянгад нэг тохиолдолд цусны бүлэгнэл үүсэхэд хүргэдэг байна.
Хэрэв вакцин гарган авагчид өргөс уургийг задлахаас сэргийлж кодолдог генийн дарааллыг өөрчилж чадвал асуудлыг шийдэж болно гэж Германы эрдэмтэн үзэж байна.