МҮОНТ-ийн захирал асан Ц.Лхагвадаш МҮОНРТ-ийн үүдэнд майхан барьж, өлсгөлөн зарлаад байна. Тэрбээр "Би шинээр томилогдсон А.Бүрэнбаатарын багт ажиллаад долоон сар болж байна. Энэ хугацаанд элдэв асуудал, гомдол гаргалгүй чимээгүй ажиллаж байсан. Гэвч МҮОНРТ-ийн Тамгын газрын даргаар Б.Даваажав гэдэг хүнийг томилсныг үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй. Тушаалаа эргэн харахыг шаардаж байна. Манай телевизийн залуучууд уг томилгоор эсэргүүцэж шаардлага хүргүүлсэн. Гэтэл уг шаардлагыг хүлээн зөвшөөрөлгүй харин ч эсрэгээрээ шаардлага хүргүүлсэн залуучуудыг дарамталж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
МҮОНРТ-ийн томилгоо улстөрөөс ангид байх учиртай. Гэтэл шинэ захирал А.Бүрэнбаатар нь улстөрийн дэмжлэгийг авахын тулд улайран гүйж, сонгуулиар ажилласан өөрийн нутгийнхаа ах нарынхаа хамгаалалтад ороод байна. Үзэл бодлоо илэрхийлж, шаардлагад гарын үсэг зурсан залуусыг цагдаад өгч, заримыг нь дарамталж байна. Зарим нь айсандаа өргөдлөө өгч, ажлаасаа гарч байна. Мөн заримыг нь ажлаас халахаар шалтаг шалтгаан хайж байгаа нь нууц биш болж байна. Залуучуудаа өмгөөлөх нь дэмжих нь миний үүрэг. Албан тушаал, авлигын хэргээр ял эдэлж байсан, ажлын байрны болон бэлгийн дарамт үзүүлсэн нь ХЭҮК-оос нотлогдсон, наад захын харилцааны соёлгүй хүнийг Тамгын газрын даргаар томилж байхад хамт олны зөвлөл таг чиг байна. Тиймээс МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар энэ шийдвэрээ яаралтай цуцал" гэлээ.