Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Хамгийн сүүлд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат үнэмлэхээ гардан авсан юм. Энэ үеэр түүний сонгуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Т.Доржханд ажиллахаар болсон талаар мэдээллээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Цар тахлын нөхцөл байдлаас болж хаа сайгүй эдийн засаг хямрал нүүрлээд байна. Тиймээс бид энэ удаагийн сонгуулиар иргэдийг бухимдуулахгүй, сөрөг хар мэдээ цацахгүй байхыг нэр дэвшигчдээс уриалж, мөн дор хаяж таван удаагийн мэтгэлцээн хийхийг хүсэж байна. Ингэхдээ мэтгэлцээнийг зөвхөн нэг талаас зохион байгуулах нь буруу. Гурван нэр дэвшигчийг багаас гурван сэтгүүлчийг оролцуулсан баг байгуулаад тэр гурван сэтгүүлч нь ярих сэдэв, асуултаа тохирог. Манай нэр дэвшигчийг төлөөлж, нийтлэлч, эдийн засагч, Д.Жаргалсайхан гуай оролцоно. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг санаж байвал их уян, зөөлөн асуулттай байсан. Бид үүнийг хүсэхгүй байна. Ирэх 30 жилд Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ, Ерөнхийлөгчөөр сонгогдвол зургаан жилийн хугацаанд ямар ажил хийх вэ, Монголын дэлхийтэй яаж холбох вэ зэрэг асуудлаар нэр дэвшигчид бодлогын мэтгэлцээн хийгээсэй гэж хүсэж байна.
Мөн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй үед их зардал гаргаж яах юм. Самбар тавихаа больё. Зөвхөн сайн дурын ухуулагч ажиллуулъя. 30 жилийн түүхэнд хамгийн бага зардал гаргаж, хамгийн их эв нэгдэлтэй сонгууль байлгая гэдэг уриалга гаргаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага биднийг дэмжиж ажиллаарай" гэлээ.