Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч байна. Хамгийн эхэнд МАН-аас нэр дэвшигч МАН-ын дарга У.Хүрэлсүх үнэхлэхээ гардан авав. 11.40 цагаас АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, 12.10 цагаас "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат гардан авах юм.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх "Монгол Улсын 8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Надад асар их хариуцлага, итгэл хүлээлгэсэн ард түмэн, журмын нөхөддөө их талархаж байна. Энэ бол маш нэр хүндтэй хариуцлагатай сонгууль. АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа амжилт хүсэж, гэр бүлд нь аз жаргал хүсье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зөвхөн монголчууд төдийгүй дэлхий ертөнц сонгууль нь хэрхэн явагдах, Төрийн тэргүүнээр хэн сонгогдох вэ гээд анхаарлаа хандуулж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн ил тод, шударга, нээлттэй, хуулийн хүрээнд явагдах ёстой. Мөн Төрийн тэргүүн сонгуулийн зардлыг хэмнэж аль болох хямд зардлаар явуулах нь зүйтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол эв нэгдлийг ханган ажиллагч, ҮАБЗ-ийн тэргүүн. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байдаг. Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол,
-Ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Үндэсний эв нэгдэл асуудалд анхаарна.
-Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Хараат бус хууль хяналт, шүүх прокурорын байгууллагыг цэгцэлнэ. Хууль бүс үйлдлийг таслан зогсоож, шударга бусын хонгилыг таслан зогсоох болно. Хүн засагладаггүй хууль засагладаг улс болгоно.
-Байгалийн баялагийг ард иргэддээ ижил тэгш хүртээнэ. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар алдагдсан орд, газрыг төрд авч ирсэн. Монгол хүн бүр байгалийн баялгаасаа ижил тэгш хүртэх ёстой. Энэ зарчмаа барьж ажиллана.
-Гадаад харилцааны асуудал. Төрийн тэргүүний гол ажлын нэг.
-Хүний эрх, эрх чөлөө эрх зүйт төрийг бий болгоход анхаарч ажиллана.
-Хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг бий болгоно" гэлээ.