2019-2020 он шилжих мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга ахмад настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан. Нийтдээ 228.5 мянган ахмад настны 763 тэрбум орчим зээлийг төр тэглэж өгсөн байдаг. Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэр гаргаж, уг мөнгийг тавдугаар сарын 21-нээс буюу өчигдрөөс олгож эхэллээ. Ингэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад өгч байгаа юм.
-ТЭТГЭМЖИЙН МӨНГИЙГ ТЭТГЭВРИЙН ДАНС РУУ ШУУД ШИЛЖҮҮЛЖ БАЙНА -
Ахмадуудын мөнгөн тэтгэмжийг олгож эхэлсэнтэй холбогдуулан мөнгийг хэрхэн олгож байгаа эсэх, банкууд хэр ачаалалтай ажиллаж байгааг сурвалжиллаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын хэмжээнд хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбогдуулан Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон. Энэ үеэр банкуудын ачаалал нэмэгдэж, очер дараалал маш их байсан нь иргэдийн бухимдлыг төрүүлээд авсан. Харин энэ удаад ахмадуудад 1 сая төгрөг олгож эхэлсэнтэй холбогдуулан банкны ачаалал их, очер дараалал үүссэн болов уу гэж очтол хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Ингээд Төрийн банкинд ээлжээ хүлээн суух ахмадаас ямар ажлаар явааг сонирхон асуулаа.
Иргэн Б.Цэнгэлмаа “Би хадгаламж нээлгэх санаатай ирсэн. Сая төгрөгийн тухайд минийх хараахан ороогүй л байна. Өглөө миний утсанд банкнаас зурвас ирсэн байхаар нь шалгатал тэтгэмжийн мөнгөщийг тэтгэврийн данс руу шууд шилжүүлэх тул банкинд битгий очерлоорой" гэсэн утгатай мессэж ирсэн. Таньдаг хөгшчүүдийн мөнгөн тэтгэмж эхнээсээ орж байгаа сурагтай. Дансаар мөнгө орчихож байгаа болохоор банкинд ч олон хүн шавахгүй аятайхан санагдаж байна” гэлээ.
-САЯ ТӨГРӨГӨӨ ОРСОН ЭСЭХИЙГ ШАЛГАХЫН ТУЛД БАНКИНД ИРЭЛГҮЙ "АТМ" АШИГЛАХЫГ ЗӨВЛӨЖЭЭ-
Төрийн банк, Голомт банкинд хөл хөдөлгөөн сийрэг байсан бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, үүдэнд халуун хэмжиж, QR код уншуулан нэвтэрч байв. Үргэлжлүүлэн Хаан банкинд очиход цөөн ахмадууд дугаараа хүлээн үйлчлүүлж байлаа. Тэднээс тэтгэмжийн мөнгөө авч, утсанд нь мэдээлэл очсон эсэхийг тодруулав.
Сандал дээр ээлжээ хүлээн суух ахмад “Утсанд Хаан банкнаас мэдээлэл ирж байгаа гэсэн. Орбитод суудаг дүүгээсээ залгаж асуухад өглөө мессэж ирсний дараахан мөнгө нь орсон гэж байна. Хүмүүсийг халдвар авчихна хамаагүй битгий банкинд ирээрэй гэсэн бололтой. Надад ч юм дуулдаагүй л байна. Мессэж ирсэнгүй, мөнгө ч орсонгүй. Хүлээгээд сууж байхаас яахав. Бусад хүмүүсийнх ороод эхэлсэн бол өнөөдөртөө өгөх байх” гэлээ.
Мөн өөр нэгэн ахмад настан “Сая төгрөгөө өглөө тэтгэврийнхээ дансаар авсан. Эхлээд банкнаас мессэж ирж байна билээ. Банкинд ирэх шаардлагагүй, мөнгөө шалгах бол АТМ ашиглаарай гэсэн байсан” хэмээсэн юм.
Сурвалжилгын төгсгөлд:
Тэтгэмжийн мөнгийг тэтгэврийн дансанд нь шууд шилжүүлнэ хэмээн мэдэгдэж банкинд очихгүй байхыг сануулсан зурвасыг ахмадууд хүлээн авчээ. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа бол 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн байгаа юм. Энэхүү арга хэмжээнд нийт 238 мянган ахмад хамрагдаж байна. Үүний дагуу тэтгэвэр буух, тэтгэмж олгох бүрд банкны үүдэнд ахмадууд дарааллан зогсдог хуучны жишгийг халж, халдвар тархах эрсдлийг бууруулсан оновчтой шийдвэр гаргажээ. Цаашид ч ийм хэлбэрээр зохион байгуулдаг жишиг тогтвол хүндрэл чирэгдэл бага гарч, зайлшгүй банкинд үйлчлүүлэх шаардлагатай иргэд ч удаан хүлээх шаардлагагүй болох юм.
С.Хонгорзул
Гэрэл зургийг Г.Цэнд-Аюуш