УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч тогтоол баталсан. Гэвч уг тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан, түүнийг нь Улсын Их Хурал хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Гэхдээ зарим улстөрч, хуульчдын ярьж хэлээд байгаа шиг тодорхой заалтыг хассан зүйл огт байхгүй. Үндсэн хуулийн заалтыг зөрчих эрх бидэнд байхгүй"
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, хуулийн заалт түдгэлзсэн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн нь сонгууль хууль бус болоход хүргэж мэдэхээр байна. Иймээс нэр дэвшигчдэд тавьсан шалгуур шаардлагаа эргэж харах нь зүйтэй"
Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/-ийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” гэж заасан. Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Харин Ерөнхийлөгч 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр уг хуульд бүхэлд нь хориг тавьсан. Иймээс хуулийн заалт түдгэлзэх тухай асуудал байхгүй гэлээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь буюу 81.2 хувь нь дэмжсэнгүй.