Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд нийслэлийн удирдлагууд, яамдын сайд нар оролцож, нийслэлд тулгамдаад буй асуудлын талаар мэдээлэл өгч байна. Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх хүрээнд 2021 оны байдлаар улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр нийт 8 орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслүүд хэрэгжсэнээр нийт 217.27 га талбайд 28,569 айлын орон сууцны цогцолбор хороолол баригдаж, 100,000 орчим иргэн тав тухтай инженерийн дэд бүтцэд холбогдсон, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
Иргэдийн орон сууц худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр зээл авах иргэдэд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 251.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3437 зээлдэгчид олгоод байгаагаас нийслэлд 196.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2405 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеээс 2.8 дахин их байна. Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах хүрээнд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж байна" гэлээ.