Сонгуулийн дараа эрх баригчдад үнэ цэнэ, ач холбогдол нь буурах гурван зүйл байна. Нэгдүгээрт, сонгогч олон. Хоёрдугаарт, сэтгүүлчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Гуравдугаарт, Н.Энхбаяр ба МАХН.
Эхний хоёроос яг 100 хувь нүүр буруулах боломжгүй. Эргээд уулзах нүүрээ үлдээхийг аль болох хичээх нь ойлгомжтой. Харин гурав дахь зүйл буюу Н.Энхбаяр ба МАХН-аас сонгуулийн дараа нүүр буруулахад Ардын намд үнэндээ алдаад байх юм зүйлгүй. Тэдэнтэй "тэврэлдсэн" шалтгаан нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүхийн саналыг С.Ганбаатараар хуваалгахгүй байх. Цаашлаад Н.Энхбаярын 2012 онд тас "татаад" аваад явсан МАХН-ын хуучин хөгжөөн дэмжигчдийг багтаа эргүүлэн бага ч гэсэн нэгтгэх л тооцоог эрх баригчид баримталсан. Мэдээж С.Ганбаатарын нэр дэвшүүлэхгүй байлгах л хамгийн гол зорилго нь байв.
Ардын намын хувьд МАХН-тай нэгдсэн улс төрийн "нүүдэл"-ийн шалтгаг шалтгаан нь ийм байна. Тэгвэл эсрэг дүр болох МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд олон талын "ашиг" харсны үндсэн дээр төрхөмдөө буцав. Тэр эхний ээлжинд өөрийнхөө наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан улс төрийн замналаа МАН руу оруулж ахиад жаахан амьтай голтой үргэлжлүүлэх гэсэн бодлого баримтлав. Өөрөөр хэлбэл, 2024 онд сонгуульд "салхи" нь таарвал нэр дэвших сонирхолтой байгаа. Үүнээс урьтаж намдаа ганц хоёр албан тушаал, эв нь таарвал өөртөө нэг сайдын суудал "мөрөөдөж" МАХН-ыг Ардын намд нийлүүлсэн. Н.Энхбаяр өөрөө ч саяхан нэг ярилцлагадаа "Ардын нам надад таарсан албан тушаалыг өгвөл ажиллана. Залууст туршлагаараа дэм болно. Харин дэмий цаг нөхцөөсөн ажилд урьвал хүлээж авахгүй" гэх агуулгыг хэлсэн байсан.
Сүүлд эх сурвалжууд мэдээлж буйгаар МАН-ын зүгээс нэгдэн нийлсэнд баярлаж, талархсанаа илэрхийлэн Н.Энхбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргаар томилох саналыг нууц байдлаар хүргүүлээд байгаа гэнэ. Уг нь 20 хоногийн өмнөх тохироогоор бол Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын нөхдийг намынхаа бүх шатны байгууллагууддаа 30 хувь оруулна. Үүний дагуу Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Шадар сайд гэсэн хоёр суудлыг амласан гэх мэдээллийг эх сурвалжууд хөндөж байсан гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Уг нийтлэлийг энд дарж сонирхоорой. Тухайн үед Шадар сайдад Н.Энхбаяр өөрөө ч явж магадгүй гэсэн таамаг хөвөрч байлаа. Мөн Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд МАН-ын нэр дээрээс түүний хүү Э.Батшугар нэр дэвших зэрэг тохироо явсан гэх мэдээлэл тухайн үед гарсан.
Харин МАН яагаад гэнэт тохироогоо өөрчлөх талаар “сэтгэж” түрүүлж Н.Энхбаярт ҮХЦ-ийн даргын суудлыг санал болгов гэдэг хамгийн сонирхолтой. Хэрэв үнэн бол МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүд, жирийн гишүүд дэмжигчдийнхээ МАХН-ыг төдийлөн таашаахгүй байгааг мэдэрсэн бололтой. Аргай ч үгүй биз. Зуны халуун, намрын сэрүүнд дээр дооргүй гүйсээр байгаад бүх шатны сонгуульд ялалт байгуулж МАН эрх барьсан. Гэтэл намын бүх шатны байгууллага, цаашлаад ЗГ-ын бүтцээс хүртэл ганц, хоёрыг нь тасалж аваад өнгөрсөн хугацаанд МАН-ын эсрэг ажиллаж ихээхэн "зовоосон" Н.Энхбаярт өгнө гэхээр эрүүл ухаантай МАН-ын бүх гишүүд дотроо эсэргүүцэж байгаа байх. Үнэндээ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй удирдлагууд нь ч гэсэн Н.Энхбаяртай нэгдэж байгаадаа одоо болтол итгэхгүй л суугаа биз. Өөрсдөө хэрэггүй гэж хаалгаар “өшиглөж” гаргасан хүнээ арван жилийн дараа хэрэгтэй гээд “тооноор” оруулж ирээд хойморт суулгахаар ямар л олиг байх вэ. Гэхдээ сонгуульд намын даргаа ялуулахын төлөө МАН-ынхан “чөтгөртэй” ч нэгдэхэд бэлэн дээрээ тавьчихсан сандарч яваа улс.
Тиймээс МАН-ын зүгээс аль болох шат шатны гишүүдийнхээ уурыг хүргэлгүйгээр Н.Энхбаярын “шунал”-ыг гүйцээх даалгавар тулгараад байна. Шадар сайдын суудлыг Н.Энхбаярт өгч байснаас ҮХЦ-ийн даргыг Н.Энхбаярт өгөхөөр шийдсэн байхыг үгүйсгэхгүй. Угаасаа цэц дээр юу л байна, шинэ гишүүний квот байгаа. Нөгөө талд нь хачин сайхан эвлэлдэн нэгдсэн үйл явдлынх нь үнэ цэнэ сонгуулийн өдрөөс хойш алга болохыг мэдэж байгаа Н.Энхбаяр сонгуулийн өмнө хамаг тохироонуудаа эцэслэж, бат арааны болгож авах зорилготой гүйж яваа. Ямар сайндаа л хоёр хоногийн өмнө Э.Батшугар, Б.Тулга тэргүүтэй МАХН-ын залуус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Төрийн ордонд орж уулзаж байхав. Эх сурвалжууд уг уулзалтын цаад зорилго нь нөхөн сонгуулийн талаар Ерөнхий сайдтай санал солилцсон байж магадгүй гэж онцолж байсан.
Ер нь Н.Энхбаярын зөв. Магадгүй сонгуулиар Н.Энхбаяр болон МАХН-ын хэргийг гаргаж авчихаад ахиад хаалгаа хаагаад хөөж чадах нам бол Ардын нам. У.Хүрэлсүх, Ц.Нямдорж тэргүүтнүүд Н.Энхбаярыг бараг “хаан” байхад нь хэн ч биш болгож чадсан юм чинь, улс төрийн ранк нь 10 жилийн дараа 10 дахин буурсан улстөрчийг дахиад нэг удаа МАН-аас “хөөж” мэдэх л юм. Ийм эрсдэл үүсгэхгүйн төлөө МАН сандал суудлын өөр хувилбар санал болгож, нөгөөх нь яриа хэлцлүүдээ баталгаажуулахаар улам эрчтэй гүйж яваа байх. Юу болохыг харж л суухаас...
Г.Лхагвадорж