Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОХИРОО: Нөхөн сонгууль болон Шадар сайд, Эрчим хүчний сайд хоёрыг Н.Энхбаярт өгөхөөр тохирсон гэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 19 секунд

МАН-ынхан 100 жилийн ой дээрээ Монголын төрийг 100 жилийн өмнөх шиг ээ засаглахаар хичээж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд тэд нийлүүлэхийн нийлүүлж, салгахын салгаад энэ хэдэн намуудыг ёстой "бантагнуулж" дууслаа. Энэ хүрээндээ тэд санал хуваагч МАХН-ыг өөрсдөдөө нэгтгэв. Н.Энхбаяр нь Ардын намынхандаа баярлаж, талархаад сүйд. Бурхан минь.

Арга ч үгүй биз. "Хаан" байхад нь одоогийн МАН-ын дарга С.Баяр, М.Энхболд, Ц.Нямдорж нартай хүч хавсраад намаасаа түүнийг хүчээр "дамжлаад" гаргасан. Гэтэл өнөөдөр У.Хүрэлсүх сонгуульд ялахын тулд "хаалгаар" хөөсөн Н.Энхбаярыгаа "тооноор" үүрээд өөрөө ороод ирлээ. Үүнээс өөр улс төрийн хоржоон гэж байх уу, та минь ээ. Өчигдөр л гэхэд мандаж байсан Х.Баттулга өнөөдөр "зрителийн" эгнээнд шилжчихсэн байх жишээтэй. Ингээд бодохоор өнөөдөр чи улс төрд унаж байгаа бол маргааш чамд босох орон зай байгаа л гэсэн үг юм.

Тэгвэл МАН, МАХН хоёрын хооронд өрнөсөн уг "нялуун" тэврэлт жирийн нэг хямд тохироогоор явагдахгүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоёр нам нэгдэхдээ 2 сайд, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших 1 квот гэсэн байдлаар тохирсон гэнэ.

Бид өмнө нь анхны уулзалтуудын үеэр Н.Энхбаяр 4 сайд, 2 Төрийн нарийн бичгийн дарга гэсэн лунзгар том "дүн" санал болгож, МАН-ынханыг золтой л цус харвуулчихаагүй талаар мэдээлж байсан. Н.Энхбаяр ч улс төрд насаараа "шогшчихсон" хөгшин чонын зангараг гаргаж том нэхээд, жижиг "идэх"-ээ хэнээр ч хэлүүлэхгүй мэднэ. Үүнийгээ ч өнөөдөр ажил хэрэг болгож чаджээ.

Эрх баригчид үндсэн чиг үүрэг, стратегийн онц ач холбогдол бүхий яамдаа өгөхгүй. Ялангуяа төрийн нарийн буюу төрийн алба руу МАХН-ынханыг зүглүүлэх ч үгүй. Эх сурвалжуудын онцолж буйгаар бол яамдууд дундаас ач холбогдлоороо "алтан дундаж" Эрчим хүчний сайдыг Н.Энхбаярт өгөхөөр тохирсон гэнэ. Мөн нэмээд Ерөнхий сайд, ард түмэн хоёрын чихнээс сүүлийн үед өдөр бүр хонх уяж буй Шадар сайдын албыг МАХН-ынханд "дурсгахаар" тохирсон бололтой. Ковидын үед л Шадар сайдын алба онцгой байдлын асуудал эрхэлсэн гэдгээрээ олны анхааралд ороод байгаа болохоос биш, улс төрийн зориулалт нь яг иймэрхүү тохироонд ашигладаг байсан. Ямар сайндаа л Н.Алтанхуягт Тэргүүн Шадар сайд гэдэг албан тушаал "зохиож" өгч байх вэ дээ.

МАХН оногдсон хоёр албан тушаалдаа хэнийг томилох нь одоогоор тодорхой бус байна. Магадгүй их улс төрд эргэн ирсэн баяраа тэмдэглээд Н.Энхбаяр өөрөө Шадар сайд болохыг ч үгүйсгэхгүй. Сонгинохайрхан дээр явах нөхөн сонгуульд хүнээ дэвшүүлэх эрхийг МАХН авна. Эцгийн хайр түшвэл Э.Батшугар, "өргөж" авсан намын хайр түшвэл Б.Тулгыг явуулах биз. МАН нэг суудал ч гэсэн алдахыг хүсэхгүй. Гэхдээ нэр дэвших асуудал Эрчим хүчний яамыг хэнд өгөхөөс бүх юм шалтгаалах болов уу. Л.Оюун-Эрдэнийн ЗГ угаасаа ирэх намар бүтцийн өөрчлөлт хийж хоёр шинэ яам байгуулна гэсэн. Тэгэхээр ирэх намар МАН-ын засаг дахиад хөдөлгөөнд орж, муриулчихгүй бол Н.Энхбаяр болон бас бус хүмүүс Засгийн газрын танхимд багтах нь ээ.

Г.Лхагвадорж

Эм засал хийлгэх, авшиг авахад сайн өдөр
Эм засал хийлгэх, авшиг авахад сайн өдөр
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.