Сонгууль эхлэх гээд Монголын улс төр дээр дооргүй л хөл хөдөлгөөнтэй байна. Шүүхээс тамганы маргааныг нь хагалж Ардчилсан намын хэрүүл арай гэж нэг талдаа бараг гарч, жадлан эсэргүүцэгчдийнх нь эрч хүч бага ч гэсэн саарав бололтой. Шинэ хуучин нийлсэн 13 гишүүнийхээ ачаар саарал ордноор нутаглах болсон АН нэг иймэрхүү байдалтай сонгуулиа хүлээж сууна.
Тэгвэл цагаан ордондоо МАХН-ыг "чирээд" ирсэн МАН-ын дотоод улс төр АН-ыг бодвол харьцангуй гайгүй. Сонгуультай холбоотойгоор урилгаар ирсэн Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан олдсон боломжоо ашиглахаар ихэд хичээнгүйлэн зүтгэж, энд тэнд ганц нэг уулзалт хийхээс өөр онцын содон зүйл МАН-д одоогоор алга. МАН-ын байраар Н.Энхбаяр нь ч тохирсон тохироогоо бүтээчих гээд, хүү Н.Батшугар нь ч нэр дэвших эрхээ халаасалчих гээд шинэ "эзэд"-ээ эргүүлж, тойруулаад тун ч завгүй яваа сурагтай.
Үүний гэрчлэх мэт Э.Батшугар болон Б.Тулга тэргүүтэй МАХН-ын залуус өчигдөр Төрийн ордонд очиж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Э.Батшугар, Б.Тулга тэргүүтэй МАХН-ын залуус "Сайн байна уу та, Бид МАН-д сайхан байна" гэж хэлэхийн тулд Ерөнхий сайдтай уулзаагүй нь маш тодорхой. Мэдээж улс төр, нэр дэвших эрх, нэгдэн нийлэхэд “амласан” амлалтуудаа Ерөнхий сайдаас нэхэж, бас зөвшилцөх гэж л очсон болов уу. Эх сурвалжууд ч ийм байх магадлалтай гэдгийг онцолж байна.
Хоёр намын сонгуулийн өмнө нэгдсэн бодлогын тохироог дахин сануулахад, намар болох нөхөн сонгуульд МАХН-ын угшилтай “нөхөр”-ийг МАН нэр дэвшүүлнэ. Тэр нэр дэвших хүнээр нь Н.Энхбаяр хүү Н.Батшугарыгаа зүтгүүлэхээр бэлдэж буй. Мөн Ардын намынхан МАХН-ын хүмүүсийг Засгийн газар, намын бүх шатны байгууллагууддаа 30 хувь “шингээхээр” болсон. Үүнийгээ ч батлаад МАН-ынхан намын дүрмэндээ энэ заалтыг оруулсан. Ингэснээр ЗГ, Бага хурал, Удирдах зөвлөл болон шат шатны байгууллагуудынхаа МАН-ын хүмүүсээс 30 хувийг нь цомхтгож, оронд нь МАХН-аас авна гэсэн. Энэ тохирооны ачаар МАХН-ынханд Шадар сайд болон Байгаль, байгаль орчны сайд гэсэн Засгийн газрын хоёр гишүүнийг өгнө гэх мэдээллийг эх сурвалжууд өгөөд байгаа билээ.
Өчигдөр болсон уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Г.Лхагвадорж