МҮБХ-ны Цэцдийн зөвлөл 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр хуралдлаа. Хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн дотор барилдааны дүрмээс “Барьц сонгох” заалтыг хасжээ. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөх ба хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж Ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа.
Энэ ажлын хэсэгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Н.Бүрэнбаатар нарыг сонгосон байна. Мөн барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулжээ.Түүнчлэн Барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулав. Үүнд:
- МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна.
- МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах.
- Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох,
- Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах,
- Цэцдийн зөвлөлийн гишүүдээс давхардсан, гадаад явсан, нас барсан гишүүдийн оронд нөхөн бүрдүүлэлт хийж, улсын аварга Ч.Санжаадамба, аймгийн арслан Х.Айдос, аймгийн начин Ш.Баянбат нарыг гишүүнээр сонгосон байна.
- “Үндэсний их баяр наадмын тухай хууль”- д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эцэслэн, хууль санаачлагчдад өргөн барихад бэлэн боллоо.
Эх сурвалж: МҮБХ