"Сандэй плаза" төвд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид нэгдэн УОК-ийн шийдвэрийг эсэргүүцэж жагслаа. Тодруулбал, зарим худладааны төвүүдийг нээж үйл ажиллагааг нь хэвийн болгочихоод, "Сандэй плаза" худалдааны төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хязгаарлаад байгааг эсэргүүцэж байгаа аж. Мөн худалдаа эрхлэгчид бид хоёр тун вакциндаа хамрагдаад 14-20 хоног өнгөрсөн гэдгээ онцолсон юм.
Тус худалдааны төвд худалдаа эрхлэгч "Төр засгаас гарсан шийдвэрүүдийг бид хүндэтгэж хүлээж авч байгаа. Зах худалдааны төвүүдийн ажиллах хугацааг долоо хоногоор хойшлуулж, 5 дугаар сарын 15-ны өдрөөс ажиллуулж эхлэхээр Нийслэлийн захирагчийн албанаас захирамж гарсан. Худалдаа эрхлэгчид бид үүнийг нь хүлээн зөвшөөрөөд 15-наас ажлаа эхлүүлэхээр төлөвлөчихсөн байсан. Гэтэл өчигдөр УОК томоохон зах худалдааны төвүүдийг дахиад ажиллуулахгүй гэсэн шийдвэрийг гаргачихлаа. Бид өнгөрсөн хугацаанд огт үйл ажиллагаа явуулж чадахгүй, үйл ажиллагаанууд нь бүрэн зогсчихсон байдалтай маш урт хугацааг туулж байна. Эдийн засгийн уналтад 100 хувь орчихлоо. Төр засгаасаа бид мөнгө гуйхгүй. Зөвхөн бидний үйл ажиллагааг явуулаад өгөөчээ гэж хүсье. Хууль дүрэм нь тэгш үйлчлэхгүй байна. Замын цаана байгаа үйлчилгээний байгууллага ажиллаж болоод байхад бид яагаад болохгүй байгаа юм бэ. Хаагдвал хамт хаагдъя. Сандэй плаза худалдааны төвийн бүх түрээслэгчид вакциндаа 100 хувь хамрагдсан. 2 дахь тунгаа хийлгээд хамгийн багадаа 14-20 хоногийн хугацаа өнгөрсөн. Бид үйл ажиллагаага нээе, бизнесээ зүгээр эрхлээд явмаар байна" гэсэн байр суурь илэрхийллээ.
Баяр