Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анализ: У.Хүрэлсүх тайван, өөртөө итгэлтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 27 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч албан бус сурталчилгаа хэдийн эхэлжээ. Энэ удаагийн сонгуульд ялах магадлал хамгийн өндөр хүн нь МАН-ын дарга У.Хүрэлсүх. Удтал хэвлэлээс хол байсан тэрбээр сэтгүүлч Б.Батбилэгтэй “80-р микрафон” хэмээх ярилцлагын шинэ ток шоуны анхны зочноор оролцож гарч ирлээ. У.Хүрэлсүхийн ярьсан зүйл дээр хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ, улс төрийн хүрээнийхэн янз бүрийн дүгнэлт хийж байна. Энэ талаар нэмж дурдах нь илүүц. Харин түүний тактик, улс төрчийн мэдрэмжийн талаас нь дараах анализыг хийж болохоор байна. У.Хүрэлсүх 2021 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр Ерөнхий сайдын үүрэгт ажлаа өгснөөс хойш

  • 2021 оны гуравдугаар сарын 1-нд МАН-ын 100 жилийн ойн илтгэл
  • 2021 оны дөрөдүгээр сарын 28-нд Өдрийн сонинд “надад хоёр сонголт байсан” гарчигтай ярилцлага
  • 2021 оны тавдугаар сарын 3-нд МАН-ын бага хурлаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн илтгэл
  • 2021 оны тавдугаар сарын 13-нд “80-р микрафон” ярилцлагаар

 тус тус олон нийтийн өмнө гарч иржээ. Үүний хоёр нь бэлдэж боловсруулсан илтгэл, харин үлдэж байгаа хоёр нь сэтгүүлчийн асуулт хариулт хэлбэртэй байв. Зарим сэтгүүлчид “хурц сайн асуулт асууж чадсангүй. Чөлөөт хэвлэлийн жинхэнэ шүүлтүүрээр оруулсангүй” гэх зэргээр уг ярилцлагыг шүүмжилж байна. Тухайлбал Ч.Лодойсамбуу “ Мундаг хүмүүс ч мундаг хүмүүстэй л ярилцах юм. Мань мэт нь жижигдээд. За яахав. Уриад ирэхгүй бол үүдэнд нь очдог болно доо. Мань өөрийгөө голох биш ямар” гэж жиргэжээ.

Үнэхээр л хэдхэн өдрийн өмнө “мэдээний урсгал” нэвтрүүлгээр сэтгүүлч Б.Батбилэг, Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг, Б.Отгон зэрэг ярилцлага, эрэн сурвалжлах чиглэлийн мастерууд нийлж байгаад Ц.Элбэгдорж, С.Амарсайхан, Ц.Гарамжав, Т.Доржханд зэрэг олон улс төрчдийг “шарж” өгсөн. Сайхан буу халах гээд ирсэн биш шаруулж унах шахсан Ц.Элбэгдорж “Одоогийн эрх барьж байгаа хүмүүсийг яг ингэж дуудаж байгаад асуух хэрэгтэй шүү” гэж хүртэл хэлээд авсан. МАН-ын дарга уг нэвтрүүлэгт биш харин уг нэвтрүүлгийн нэг сэтгүүлчтэй тусгайлан ярилцлага хийсэн нь түүний улс төрчийн өндөр мэдрэмжийг харуулж байгаа юм. Учир нь тус нэвтрүүлгээс хамгийн өндөр нэр хүндтэй гарсан сэтгүүлч нь Б.Батбилэг мөнөөс мөн. Б.Батбилэгийг бусдаасаа илүү сэтгүүлч гэдэг ойлголтыг зориуд төрүүлэх, улмаар зөвхөн түүнтэй бэлтгэлтэй ярилцах зорилгоор МАН-ынхан мэдээний урсгал гэх акцыг зохион байгууллаа гэжзарим сэтгүүлч гомдоллох болжээ.

Хоёрдугаарт, энэ удаагийн сонгуульд АН-аас С.Эрдэнэ албан ёсоор нэр дэвшсэн. Түүнийг эрх баригчид нэр дэвшүүлсэн үү, эсвэл АН-ын хоорондын зөрчлөөс болж нэр дэвшсэн үү гэдэг нь цаг хугацааны явцад тодорхой болох биз ээ. Ямартай ч С.Эрдэнэ бол У.Хүрэлсүхтэй өрсөлдөх хэмжээний кадр биш. Харин ХҮН-аас нэр дэвшиж байгаа Д.Энхбат нь ялдаггүй юмаа гэхэд анхаарахгүй орхиж болохгүй өрсөлдөгч болоод байгаа. Тиймээс Д.Энхбатын 2021.05.12-нд оролцсон “Ам нээвэл” ярилцлагын халуун мөрөөр нэг өдрийн дараа буюу 2021.05.13-нд МАН-ын дарга У.Хүрэлсүх ярилцлага өглөө. Ингэхдээ нийгэмд дуулиан шуугиан болоод байгаа Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түтгэлзүүлнэ гэсэн маш тодорхой мессежийг өгснөөр Д.Энхбатын ярилцлага хэнд ч сонин биш үндсэндээ баллуурдуулав.

Гуравдугаарт, У.Хүрэлсүх хар пиджак, зангиагүй цагаан сорочик өмссөн байдалтайгаар маш энгийн имиж бүрдүүлэв. Мөн яриагаа хэт нуршуулахгүй, гол асуудлуудаа цэгцтэй, тоо баримттай илэрхийлсэн нь олон нийтэд ойлгомжтой байлаа. Товчхондоо тэр маш мэдрэмжтэй, өөртөө итгэлтэй, тайван байгаа гэдэг нь уг ярилцлагаас харагдаж байна.

Дөрөвдүгээрт, цар тахлын дэгдэлт, хөл хорио, зарим улс төрчдийн асуудлаас болж МАН-ын нэр хүнд сүүлийн 3,4-р сард ихээхэн унасан гэсэн судалгаа бий. Ялангуяа цар тахлын дэгдэлт хамгийн оргил цэгтээ буюу 1144 хүрч байхад олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрээд байсан. Харин өнөөдөр 585 буюу энэ үзүүлэлт хоёр дахин бууж Засгийн газар нийт хүн амынхаа 70 орчим хувийг вакцинжуулжээ. Ийм үед У.Хүрэлсүхийн ярилцлага МАН, Засгийн газрын нэр хүндийг өсгөх, байдлыг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэхээр сайн ярилцлага болж чадлаа.

О.Цагираг

Макс Дакштайн: Сонгогдсон нэр дэвшигчидтэй сонгууль болох уу?
Макс Дакштайн: Сонгогдсон нэр дэвшигчидтэй сонгууль болох уу?
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.