Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томилолт: Сэлэнгэ, Дарханыг аж ахуй, газар тариалангийн эрчимжсэн бүс нутаг болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 13 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт үргэлжилж байна. Тэрбээр Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн тал дахь жимсний болон усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршлыг үзэж, тариаланчидтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

Тус бүс нутагт, КОВИД-19-ийн халдварт цар тахлын дэгдэлт, түүнийг дагасан хөл хорио, цаг уурын хүйтрэлээс үүдэн хаврын тариалалт сар гаруй хугацаагаар хоцорч буй нь тариаланчдын эхний сэтгэл зовних асуудал болжээ.

Аймгийн хэмжээнд анхны үрэлгээг дөрөвдүгээр сарын 23-наас хийсэн байна. Орхон сумын ногоочдод тариалалтын дийлэнхийг эзэлдэг луувангийн тариалах, хураах оврын трактор, комбайний хангалт, өвөл, зуны хүлэмжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах орчин үеийн тохируулга бүхий хөргүүрийн системтэй зориулалтын зоорийн аж ахуйг байгуулах, гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацааг сунгах асуудлууд нэн тэргүүнд тулгарч байна.

Энэ оны хаврын тариалалт 3.5 хувьтай үргэлжилж байна.

“Газар Агро” компани Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож, нутагшсан махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлэх зорилгоор мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрсөн чанар стандартад нийцсэн мах бэлтгэж, дотоодын зах зээлийг бүрэн хангаж, гадаадад экспортод гаргах зорилго тавьжээ. Герефорд үүлдрийн тугал төрөхдөө 28-34 кг, 18 сартай охин шүдлэн 400-450, үнээ 500-550 кг, бүх 800-900 кг жин татдаг бөгөөд энэ өдрүүдэд үржлийн үнээнүүддээ зохиомол хээлтүүлэг хийж буй аж.

“Арвин хур” компанийн хувьд Зүүнбүрэн суманд 4,000 га талбайд усалгаатай тариалан эрхэлдэг.

Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж амжилттай нутагшуулснаар тариалангийн нийт талбайг 100 хувь эргэлтэд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж жилд дундажаар 4,000-5,500 тн ургац хураан авч аймаг орон нутагтаа жишиг тогтоож байна.

Мөн энэ жилийн хаврын тариалалт оройтсон бөгөөд тариалангийн талбайн үрэлгээгээ энэ долоо хоногт эхлүүлж байгаа гэв.

Харин Зүүнбүрэн сумын Охиндойн талд ХХААХҮЯ-аас АХБ, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр 2020-2026 онд хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Зүүнбүрэн сумын Охиндойн талд 2,760 га талбай бүхий услалтын систем шинээр барихаар төлөвлөж, газрыг хашаалж бэлтгэсэн байна.

Охиндойн талын услалтын системийн ажлын зургийн гүйцэтгэл 60%-д хүрсэн ч малын гоц халдварт боом өвчин гарч байсан голомттой холбоотойгоор судалгааны ажил түр зогссон байна. Хаврын тариалалтын явц, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцахдаа Дархан, Сэлэнгийг уул уурхайн эдийн засагтай эн зэрэгцэх, цаашид өсөн нэмэгдэх, шавхагдашгүй нөөц бүхий эрчимжсэн хөдөө аж, ахуйн бүс нутаг болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бодлогоо чиглүүлэх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэж байсан юм.

Улаанбаатарт 9 хэм дулаан байна
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.