Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байгаад коронавирусээр халдварлаж эдгэсэн болон эмчлүүлж буй эмнэлгийн байгууллагын ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багц хүргүүллээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар эрүүл мэндийн салбарт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэнддээ анхаарч ажиллахыг хүсээд, ХӨСҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлд дархлаа дэмжих багцыг гардуулсан юм.
Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш “Коронавируст халдвар төдийлөн буураагүй энэ үед ард иргэдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг хүсэж байна” гэлээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд хичээж ажиллахаас гадна иргэдийн хичээл зүтгэл чухал байгааг тэрээр мөн онцлов. Дархлаа дэмжих багцыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 50 гаруй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 60 гаруй ажилтан, алба хаагчдад гардуулах юм.