Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад зулайг нь үнэрлэх ганц үрийг нь үлдээхэд тусалцгаая

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 36 секунд

  Амьдрал олон өнгөтэй. Тэр олон өнгө дундаас бид таван хүүхэд төрүүлж өсгөсөн боловч дөрвөн хүүхдээ алдаж, хагацал гэдэг хамгийн хэцүү зовлонг туулж буй иргэн Д.Чанцалмааг онцолж байна. Төрүүлсэн үрсээ хоёр жилийн хугацаатай ээлж дараалан алдаж, үлдсэн ганц охиныхоо төлөө бүхнээ зориулан амьдарч байсан ч хорвоо түүнд хатуу ханджээ. Үлдсэн ганц охин нь 2017 онд автын осолд орж, өнөөдрийг хүртэл хэвтрийн дэглэмтэй эмээр хооллож, өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж. 

Түүнд 100 сая төгрөг л байвал охиноо хөл дээр нь босгож чадна. Гэвч охиноо осолд орсоноос хойш амьдарч байсан орон гэрээ зарж эмчилгээний зардал хийж, ажил төрлөөсөө гарч охиноо асарч байгаа юм байна. 

-ГАДАГШАА СУРГУУЛЬД ЯВАХ ӨДРӨӨ ОХИН МИНЬ ОСОЛД ОРЧИХСОН-

Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны буйдхан газар суух эх охин хоёр хоорондоо ярилцах нь тун ховор. Цэл залуу 20 настай түүний бага охин Э.Нандин-Эрдэнэ 2017 онд авто осолд орсноор нуруу нугасны хүнд бэртэл авчээ. Өдөр ирэх тусам өвчин нь хүндэрч, унаж татдаг болсон охин эм тариа, дусалдаа ядарч үргэлж унтах тул ээжтэйгээ ярих нь өдрийн од шиг болсон гэнэ. Биднийг гэрт нь зорьж очиход нүдээ ширгэтэл охиноо харж хандах эх болон орон дээрээ дусал залгуулан унтах охин угтлаа.

Охины эх Д.Чанцалмаа “Охин минь хааяа татдаг тул үргэлж хажууд нь харж ханддаг. Дөрвөн хүүхэд маань шил даран зуурдаар өнгөрсөн. Хамгийн бага нь 14 настай, том нь 20 настайдаа хорвоог орхисон. Ингэж үлдсэн эх хүний хувьд амьдрах сүүлийн найдвар болсон бага охинд маань 2017 онд  золгүй явдал тохиолдсон юм. Тухайн үед ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт хүний нөөцийн мэргэжлээр сурахаар болж, баяр баяслаар дүүрэн байсан. 16.00 цагт хөдлөх галт тэрэгний тасалбар захиалаад “Ээжээ би явахаасаа өмнө зах орж юм цуглууллаа” гээд над руу залгаснаас хойш удалгүй гэмтлийн эмнэлгээс охиныг минь осолд орсон гэдгийг хэлсэн. Сууж явсан такси нь замын хажуу руу ороод хашаа мөргөөд зогссон байв. Нуруу нь хоёр хэсэгтээ хугарсан, нугасандаа гэмтэл аваад сэхээнд орсон.

 

-ЭМЧИЛГЭЭ БОЛОН БУСАД ЗАРДАЛ НИЙЛЭЭД 100 САЯ ТӨГРӨГ ХЭРЭГТЭЙ БОЛСОН-

  Охин 17 настай, жолооч нь 21-тэй дөнгөж ажилд ороод цалингаараа машин авсан залуу байсан. Эцэг эх нь над дээр ирж “Хүүгийн минь амьдралыг бодооч” гээд гуйхаар нь адилхан эх хүний хувьд охиныг минь хөл дээр нь босгоод өгчих гэсэн. Түүнээс хойш гурван сар эмчилгээний зардал, эм тарианд нэмэр болсон. Одоо бол үзэгдэхгүй байгаа. Охины найзууд өдөр ирэх тусам орж гарах нь цөөрсөн тул үр минь ууртай, уйланхай болчихсон. Урьд нь зоригтой байсан охин минь мохоод “Ээжээ би хүний сүг болчихлоо. Та яагаад намайг үхүүлэхгүй авраад байгаа юм бэ” гэдэг. Өдий насалсан хойно үрийнхээ ингэж хэлэхийг сонсох би азгүй хүн. Гэхдээ охин минь удахгүй эмчлүүлээд босоод ирнэ дээ” хэмээн бидэнд дотроо уудлав.

Э.Нандин-Эрдэнийн нуруу нугасны бэртэл ноцтой тул босож явж чадахгүй. Үүнийг дотооддоо эмчлэх боломжгүй ч БНСУ-д хагалгаанд орвол бүрэн эдгэрэх боломжтой гэсэн нааштай хариу иржээ. Эмчилгээний зардал болох 60 сая төгрөг дээр онгоцны үнэ, байрлах газрын зардал, хоол ундаа нэмээд 100 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Тэтгэврийн мөнгөөр талх тариагаа авдаг эх хүү хоёрт тийм их мөнгө байхгүй ажээ.

Түүнийг 2017 онд ажил төрөлтэй, эрүүл саруул үр хүүхэдтэй байх үед дүүргийн халамжийн газраас амьжиргааны түвшин тогтоох судалгаа авсан байна. Сүүлд халамжийн төв дээр очиж тусламж авахыг хүссэн ч охин нь  дээд сургуульд орсон, оноо өндөртэй туслах боломжгүй гэх хариу сонсоод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагджээ. Хааяа хорооны дарга нь хүнсний зүйл дөхүүлж, тэдний нөхцөл байдлыг асуудаг байна.

- ОХИН ӨНДИЙЖ СУУХАД Ч БЭРХШЭЭЛТЭЙН ДЭЭР НҮД НЬ ӨНГӨ ЯЛГАХАА БОЛЬЖЭЭ -

Түүний нөхөр ..... дугаар цэргийн ангид ажиллаж байхдаа тогонд цохиулж нас баржээ. Үүнээс хойш 20 настай талийгч охин нь төрөх эмнэлэгт наркозын тун хэтрүүлсэн гэх шалтгаанаар гэдсэн дэх үртэйгээ үүрд унтсан байна. Тэрбээр охиноо эдгэж, хөл дээрээ босвол эмээ болж үзэх чин хүсэлтэй гэнэ. Биднийг ярилцлага төгсөхтэй зэрэгцэн охины дусал дуусав. Дуслын зүүг сугалан авч, хүйтэн гарт нь болгоомжтой массаж хийх үедээ “Эгч нь өөрөө эмч болдог доо. Дүүрэг хорооны эмнэлгийн хяналтад байдаг ч бие нь муудаад залгахаар удаж байж ирнэ. Охин өндийж суухад ч бэрхшээлтэйн дээр нүд нь өнгө ялгахаа больсон. Аргаа бараад лам бөөгөөр явсан боловч нэмэр болоогүй. Эцсийн бүлэгт эмч нар миний охины өвчинг бага ч болтугай намдааж байгаа. Ард түмний минь сайхан сэтгэл, тус дэм байхад охин бид хоёр болно доо. Түүнчлэн Х.Нямбаатар сайд охин бид хоёрын гадаад явах бүх бичиг баримтыг хөөцөлдөж өгч байгаад үнэхээр баярлаж байна ” хэмээв.

Эх хүн болох хорвоогийн хамгийн сайхан зүйл боловч бурхан хүүхдийг нь буцаагаад авах шиг гашуун зовлон үгүй. Амьдралын гараагаа эхэлж буй Э.Нандин-Эрдэнэ охиныг хүнээс түшихгүй хөл дээрээ босох хүртэл туслах юмсан гэсэн бодлоор сурвалжилга маань төгсөв. Монголчууд нэгэндээ хайртай. Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад зулайг нь үнэрлэх ганц үрийг нь үлдээхэд бүгдээрээ нэгдэж, түүнд туслацгаая. 

ХАНДИВЫН ДАНС:

Хаан банк 5166038881 Чанцалмаа /ээж/

Хаан банк 5057612911 Нандин-Эрдэнэ /охин/

Холбогдох утас: 98970087 /Д.Чанцалмаа/

Сэтгүүлчтэй холбогдох утас: 91218491

Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн хоёрдугаар одон авч байсныг батлах бичиг баримтыг хавсаргав.

С.Хонгорзул

Гэрэл зургийг Г.Цэнд-Аюуш

 

Шууд: ЭМЯ-наас нас барсан эмэгтэйн асуудлаар мэдээлэл хийж байна
Шууд: ЭМЯ-наас нас барсан эмэгтэйн асуудлаар мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.