Ардчилсан намаа хамгаалах цуглааны үеэр АН-аас нэр дэвших хүсэлтээ хүргүүлээд буй С.Эрдэнэ цуглаанд хүрэлцэн ирсэн намын гишүүддээ хандаж дараах үгийг хэллээ.
Тэрбээр, "Ардчилсан намыг устгах, ардчиллыг устгах үйл ажиллагаа нэлээн эртнээс төлөвлөгөөтэй эхэлсэн юм аа.2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тэр торгон мөчид манай намын бүлгээс гурван хүнийг өнөөдрийг Ерөнхийлөгч Х.Баттулга зориуд зохион байгуулалттайгаар урвуулж, эсрэг санал өгүүлж, намын улс төрийн шийдвэрийг тэр үед унагааж байсан.
Тэр үед би Ерөнхийлөгчид намын даргын хувьд энэ үйлдэл чинь хэзээ нэгэн цагт өөрт чинь гай болно гэж хэлж анхааруулж байсан. Харамсалтай нь тухайн үед эрх мэдэл, албан тушаалдаа толгой нь эргэсэн байсан Х.Баттулга үүнийг ойлгоогүй. Өнөөдөр тэр хүн үүнийхээ шанг хүртээд байж байгаа. Тэр үед хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцож чадсан бол, хэрвээ АН-аасаа сонгогдсон Ерөнхийлөгч ардчиллаасаа, үнэт зүйлээсээ, журмын нөхдөөсөө урваагүй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан юм. 2016-2020 онд бид УИХ-д 9 суудалтай байсан. Гэлээ гээд бид өнөөдрийн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, захиалгаар гарч ирсэн, АН-ын гишүүн гэх нэр зүүсэн 11 гишүүн гээд байгаа хүмүүсийн дэргэд бид амьд ажиллаж байсан юм. Өнөөдөр энэ 11 гишүүн хэний төлөө, юуны төлөө талбай дээр өлсөж цангаж байгаа нэртэй хэвтэж байгаа юм бэ. Яг үнэндээ Ерөнхйлөгч, Ардчилсан намыг хаяаад, зугтаад урваад гараад явсан, АН-аас улс төр хийж УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг гэдэг нөхрийг, олон нам дамжиж өөрийгөө улс төрийн ямар хүн бэ гэдгээ харуулсан С.Ганбаатар гэдэг хүнийг АН-ын нэр дээр дэвшүүлэхийн тулд, өнөөдөр тэр нөхдүүд өлсөж байна. Ковид цар тахал тархаж, иргэд чинь үхэж үрэгдэж байхад та 11 гишүүн хаана байсан юм бэ. Дахиад хэлэхэд бид өнөөдөр ардчиллыг устгуулахгүй төлөө тууштай зогсох болно. Бид Монголд ардчиллыг устгуулахгүй байхын төлөө зогсох болно. Яагаад өнөөдөр шүүх хуулийн байгууллаа шударгаар асуудлыг шийдэхгүй байгаа юм бэ. Бид өнөөдөр энд "бид тэмцэнэ шүү, бид энэ ардчиллаа хамгаална" шүү гэдгийг ойлгуулах зорилгоор сануулах цуглаан зохион байгуулж байга юм аа.
Шаардлагатай гэж үзвэл бид улс орон даяар, Улаанбаатар даяар эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаануудыг зохион байгуулж тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.